БИЗНЕСИЙН ЦАХИМ ХАРИЛЦААНЫ ШИНЭ ОРЧИН
SMART HUB
ТӨВЛӨРСӨН БУС МЭДЭЭЛЭЛ
Smart Hub -н блокчейн сүлжээ бүр нь Анхдагч байгууллага болон Гишүүн байгууллага гэсэн хоёр ангиллын хэрэглэгчидтэй байна. Блокчейн сүлжээний мэдээлэл бүртгэх нэгж буюу Node -үүдийг Анхдагч болон Гишүүн байгууллагууд хуваан эзэмшинэ. Smart Hub систем дэх бизнесийн харилцааны мэдээллүүд нь тус хуваан эзэмшсэн Node -үүдийн хоорондох зөвшилцлийн алгоритмын дагуу блокчейн сүлжээнд бүртгэгдэнэ. Блокчейн сүлжээнд оролцож буй байгууллагууд нь хувийн мэдээллээ Hyperledger Fabric блокчейн технологийн өндөр нууцлал бүхий мэдээлэл хуваалцах аргачлалыг ашиглан бие даан удирдана.
БАТАЛГААЖСАН ГИШҮҮНЧЛЭЛ
Smart Hub нь төвлөрсөн бус зарчмаар ажиллах бөгөөд хэрэглэгч төвтэй систем юм. Хэрэглэгч байгууллагууд нь тухайн блокчейн сүлжээндээ хэнийг урих эсэхээ өөрсдөө шийдэх бөгөөд шинээр элсэж буй гишүүний оролцох эрхийг өмнөх гишүүд нь баталгаажуулдаг. Ингэснээр үл таних гаднын этгээд сүлжээнд зөвшөөрөлгүй нэвтрэх, мэдээлэл гадагшаа алдагдах, худал мэдээлэл оруулсан этгээд хариуцлагаас зайлсхийх зэргээс сэргийлнэ.
ХЭРЭГЛЭХЭД ХЯЛБАР
Smart Hub нь олон нийтийн сүлжээний апплейкшнүүдийн адил нэг хуудсанд бүгдийг багтаасан дээрээс доош нь гүйлгэх зарчмаар мэдээллээ харах энгийн загвартай. Тиймээс хэн ямар мэдээллийг хэзээ оруулсан эсэхийг харах, бусдын оруулсан мэдээлэл дээр саналаа үлдээх зэрэг нь танд танил санагдах бөгөөд хэрэглэхэд хялбар байх болно. Харин олон нийтийн сүлжээнээс ялгаатай нь таны бусадтай хуваалцсан мэдээлэл блокчейн сүлжээнд бүртгэгдэх бөгөөд нэгэнт орсон мэдээлэл нь устгагдах боломжгүй. Тиймээс аливаа мэдээллийг оруулахдаа талууд илүү хариуцлагатай хандах нь зүйтэй.
ОЛОН ТӨРЛИЙН ОРЧИНД ТААРУУЛАН ӨӨРЧЛӨХ БОЛОМЖТОЙ
Smart Hub системээр солилцох дата, мэдээллийн загварыг төрөл бүрийн бизнесийн онцлогт тааруулан өөрчлөх боломжтой. Smart Hub систем нь дата, мэдээллийн загвар зохиох функцийг өөртөө агуулсан бөгөөд хэрэглэгч нар нь түүнийг ашиглах боломжтой. Анхдагч байгууллага нь аливаа блокчейн сүлжээг үүсгэхдээ тухайн бизнесийн орчны онцлогт тааруулан дата, мэдээллийн загварыг зохиож, тус загвар дээрээ бусад Гишүүн байгууллагуудынхаа саналыг блокчейн сүлжээний зарчмаар авч болно.
ЦАГ ТУХАЙД НЬ САНУУЛГА ИЛГЭЭХ
Smart Hub системд бусад оролцогчид аливаа бичиг баримт болон мэдээлэл оруулах, батлах, санал бичих, мэдрэгч төхөөрөмжүүдээс дохио ирэх зэрэгт хэрэглэгчийн гар утсанд болон э-шууданд тус системээс цаг тухайд нь сануулга илгээх боломжтой. Ингэснээр тухайн хэрэглэгч цаг алдалгүй хариу үйлдэл үзүүлж, мэдээллийн хоцрогдлоос үүдэлтэй хүнд суртал болон маргааныг арилгана.
ЮМСЫН ИНТЕРНЭТ (IOT) ХОЛБОЛТ
Юмсын интернэт (IoT) мэдрэгч төхөөрөмжүүдийг Smart Hub системтэй холбоход хялбар бөгөөд “ОБОРТЕК” төслийн зүгээс мэдрэгч төхөөрөмжүүдийг хэрэглэгчдэдээ илгээх, шаардлагатай тохиолдолд тухайн бизнесийн орчинд нь суурилуулах үйлчилгээг үзүүлнэ. “ОБОРТЕК” төслийн баг нь IoT mехнологи хөгжүүлэх чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг компаниудтай хамтран ажиллаж байна.