
Смарт Хабын Үйлчилгээний нөхцөл
ДООРХ НӨХЦӨЛҮҮД НЬ ТА БОЛОН СМАРТ ХАБЫГ ҮЗҮҮЛЖ БУЙ, 1 ДҮГЭЭР ЗҮЙЛД ЗААСАН ОБОРТЕЧ МОНГОЛИА ХХК-ИЙН ХООРОНД БАЙГУУЛАГДАХ ГЭРЭЭНИЙ НӨХЦӨЛ БОЛНО. СМАРТ ХАБД ХАНДАЖ, ТҮҮНИЙГ АШИГЛАСНААР ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ БҮРЭН ТАНИЛЦАЖ, ОЙЛГОН, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БӨГӨӨД ХОЛБОГДОХ БҮХ ХУУЛЬ ТОГТООМЖ, ДҮРЭМ ЖУРМЫГ ДАГАЖ МӨРДӨХӨӨР ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭНД ТООЦНО.
ХЭРЭВ ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ СМАРТ ХАБЫГ АШИГЛАХГҮЙ БАЙХЫГ ТАНД ЗӨВЛӨЖ БАЙНА. КОМПАНИ НЬ 17.1-Д ЗААСНЫ ДАГУУ ТАНД МЭДЭГДЭЛ ӨГСНИЙ ҮНДСЭН ДЭЭР ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БОЛОН СМАРТ ХАБД АГУУЛАГДАХ БУСАД АЛИВАА МЭДЭЭЛЛИЙГ (СМАРТ ХАБЫН БЛОКЧЕЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭГДСЭН МЭДЭЭЛЛЭЭС БУСАД) ӨӨРЧЛӨХ, ШИНЭЧЛЭН НАЙРУУЛЖ БОЛНО. ТҮҮНЧЛЭН КОМПАНИ НЬ УРЬДЧИЛАН МЭДЭГДЭЛ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙГЭЭР СМАРТ ХАБД ТОДОРХОЙЛСОН СИСТЕМ, ҮЙЛЧИЛГЭЭ, ПРОГРАМ ХАНГАМЖИД ХЭДИЙД Ч САЙЖРУУЛАЛТ, ӨӨРЧЛӨЛТ ХИЙЖ БОЛНО; ХАРИН ҮНДСЭН ФУНКЦИЙГ ХАСАХ БУЮУ МЭДЭГДЭХҮЙЦ ХЯЗГААРЛАХ ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР 17.1-Д ЗААСНЫ ДАГУУ МЭДЭГДЭНЭ. БИД ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ЭРХЭМЛЭДЭГ БӨГӨӨД ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДДӨГ ТУЛ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ТАЛААР ТАНААС САЙН ДУРЫН ЗӨВШӨӨРӨЛ АВАХЫГ ХҮСЭЖ БАЙНА. ТУСДАА БАЙРЛАХ ЗӨВШӨӨРЛИЙН НҮДИЙГ ТЭМДЭГЛЭСНЭЭР ТА 2.6-Д ЗААСНЫ ДАГУУ ӨӨРИЙН БҮРТГЭЛТЭЙ ХАЯГИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ, АШИГЛАХ, ТҮҮНИЙГ OBORTECH POLAND SP. Z O.O.-Д ШИЛЖҮҮЛЖ, ЕВРОПЫН ХОЛБООНД ХАДГАЛАХАД ЦАХИМ ХЭЛБЭРЭЭР ЗӨВШӨӨРӨЛ ӨГНӨ. “ЗӨВШӨӨРЧ БАЙНА” ТОВЧИЙГ ДАРСНААР ТА ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛТЭЙ БҮРЭН ТАНИЛЦАЖ, ОЙЛГОН, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН БӨГӨӨД ХОЛБОГДОХ БҮХ ХУУЛЬ ТОГТООМЖ, ДҮРЭМ ЖУРМЫГ ДАГАЖ МӨРДӨХӨӨР ҮҮРЭГ ХҮЛЭЭСНЭЭ БАТАЛГААЖУУЛНА. ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРӨХИЙН ӨМНӨ СМАРТ ХАБААС ТАНД ҮЗҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮРЭЭНД ТАНЫ ХУВИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦУГЛУУЛАХ, БОЛОВСРУУЛАХ ТАЛААРХ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ АВАХЫН ТУЛД МАНАЙ НУУЦЛАЛЫН БОДЛОГОТОЙ ТАНИЛЦАНА УУ. МАРКЕТИНГИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮЛЭЭН АВАХ БОЛОН ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ БУС КҮҮКИ АШИГЛАХАД ӨГӨХ ЗӨВШӨӨРЛИЙГ ТУСАД НЬ АСУУХ БӨГӨӨД ЭНЭ НЬ САЙН ДУРЫН БАЙНА (6.4 БОЛОН 7.8).
ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ НЬ ЗААВАЛ ГАРЫН ҮСЭГ ЗУРСНААР ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ ШААРДЛАГАГҮЙ. ТА СМАРТ ХАБД БҮРТГҮҮЛЭХ, ӨӨРИЙН БҮРТГЭЛТЭЙ ХАЯГИЙГ НЭЭХ, ЭСХҮЛ БАРИМТ БИЧИГ, МЭДЭЭЛЭЛ ОРУУЛАХ ҮЕДЭЭ “ЗӨВШӨӨРЧ БАЙНА” (ЭСХҮЛ ҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТОВЧ, СОНГОЛТЫН НҮД) ДЭЭР ДАРСНААР ЭНЭХҮҮ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ ЗӨВШӨӨРСНӨӨ ИЛЭРХИЙЛНЭ. КОМПАНИ ТАНЫ ЗӨВШӨӨРЛИЙН ЦАХИМ БҮРТГЭЛИЙГ (ЗӨВШӨӨРСӨН ХУВИЛБАР, ОГНОО, ЦАГ БОЛОН БҮРТГЭЛТЭЙ ХАЯГ) ХАДГАЛАХ БӨГӨӨД ЭНЭ НЬ ЭНЭХҮҮ ГЭРЭЭ БАЙГУУЛАГДСАНЫГ НОТЛОХ БАРИМТ БОЛНО.
1. Ерөнхий нөхцөл
Смарт Хаб (“Смарт Хаб” гэх) нь бизнесийн байгууллагуудад зориулсан, блокчейн сүлжээнд суурилсан цахим хамтын ажиллагааны экосистем юм. Польш Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани болох OBORTECH POLAND sp. z o.o нь Смарт Хабыг цор ганц өмчлөгч, хөгжүүлэгч байна. Энэхүү Гэрээ нь Та болон Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үүсгэн байгуулагдсан, Монгол Улс, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Тэнгэр дээд сургуулийн байр хаягт бүртгэлтэй, улсын бүртгэлийн дугаар 9011765142, регистрийн дугаар 6371159 бүхий, Гүйцэтгэх захирал Б.Тамир төлөөлж буй ОБОРТЕЧ МОНГОЛИА ХХК (“Компани” гэх)-ийн хооронд байгуулагдана. Компани нь OBORTECH POLAND sp. z o.o-оос олгосон эрхийн үндсэн дээр Монгол Улсын нутаг дэвсгэрт Смарт Хабын үйлчилгээг үзүүлнэ. Цахим шуудангийн хаяг: info@obortech.io. Смарт Хабыг түүний вэб болон гар утасны интерфейсээр шууд, эсхүл энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 15 дугаар зүйлд заасан Холбогдсон аппликейшн, түүний дотор 16 дугаар зүйлд заасан OBORTECH аппаар дамжуулан ашиглаж болно. Холбогдсон аппликейшн нь түүнийг Компани ажиллуулж байгаа тохиолдолд ч Смарт Хабын бүрэлдэхүүн хэсэг болохгүй бөгөөд түүнд боловсруулж буй хувийн мэдээллийг Смарт Хабаас гадна хадгална.
Компани нь доор заасан Үйлчилгээний нөхцөлийн дагуу Смарт Хабд хандах эрхийг олгох эрхтэй.
Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх, мөн зохиогчийн эрх, барааны тэмдэг болон өмчийн эрхийн бусад бүх тэмдэглэгээг бүрэн бүтэн хэвээр хадгалах нөхцөлөөр Компани нь Танд Смарт Хабын гишүүний хувиар Смарт Хабд хандаж, ашиглах онцгой бус, бусдад шилжүүлэх боломжгүй, хязгаарлагдмал зөвшөөрөл олгоно.
Компани нь Танд аливаа патент, барааны тэмдэг, зохиогчийн эрх, эсхүл өмчийн болон оюуны өмчийн бусад эрхийн дагуух шууд болон шууд бус эрх, лиценз олгохгүй. Та Смарт Хаб дах аливаа контентыг өөр вэбсайт эсхүл бусад хэрэгслээр хуулбарлан түгээхийг хориглоно. Смарт Хабаас татан авах, хандах эсхүл өөр байдлаар ашиглах боломжтой, өөрийн гэсэн лицензийн нөхцөлтэй аливаа програм хангамж болон бусад материалын хувьд тухайн нөхцөл, болзол, мэдэгдлийг давхар баримтална. Тэдгээр нөхцөл эсхүл Смарт Хаб дах бусад аливаа нөхцөлийг зөрчсөн нь Танд олгосон аливаа эрхийг урьдчилан мэдэгдэлгүйгээр автоматаар цуцлах үндэслэл болох бөгөөд Та өөрийн эзэмшил, хадгалалт, хяналтад байгаа татаж авсан материалын бүх хуулбарыг нэн даруй устгах үүрэгтэй.
Смарт Хабыг ашиглах Таны эрх нь дараах ашиглалтын хүрээг хамарна: (1) оруулах, харуулах, ашиглах болон төхөөрөмжийн санах ойд хадгалахыг оролцуулан хадгалах, (2) орчуулах, (3) Смарт Хабыг эхлүүлэх, ажиллуулах болон төхөөрөмжийн санах ойд хадгалахад зайлшгүй шаардлагатай хэмжээгээр хуулбарлах. Смарт Хабд хандах эрх авч, Смарт Хабын гишүүнээр (“Гишүүн” гэх) бүртгүүлэхийн тулд Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг байгуулах эрх зүйн бүрэн чадвартай болохоо үүгээр мэдэгдэж, баталгаажуулна. Хэрэв Та өөрийн ажил олгогч эсхүл бусад хуулийн этгээдийн цахим шуудангийн хаягийг ашиглан Смарт Хабд бүртгүүлж байгаа бол тухайн байгууллагын нэрийн өмнөөс бүртгэлийн хаяг үүсгэх бүрэн эрхтэй гэдгээ мэдэгдэж байгаа бөгөөд ингэснээр (а) Та тухайн этгээдийг төлөөлж байгаад тооцогдоно, (б) Таны зөвшөөрсөн товч дээр дарсан үйлдэл нь Таны ажил олгогч эсхүл тухайн байгууллагад энэхүү Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх үүрэг үүсгэнэ, мөн (в) энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан “та” гэх нэр томьёо нь Таны ажил олгогч эсхүл тухайн байгууллагыг илэрхийлнэ. Смарт Хаб нь бизнесийн болон бусад байгууллагад зориулагдсан. Та энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хэрэглэгчийн хувиар бус, өөрийн бизнесийн буюу мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд байгуулж байна.
“Та” гэх нэр томьёо нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч буй Таны төлөөлж байгаа хуулийн этгээдийг, харин ийнхүү төлөөлөх нөхцөл байхгүй бол Таныг хувь хүний хувиар илэрхийлнэ.
“Хэрэглэгч” гэж Гишүүний бүртгэлтэй хаягаар эсхүл Гишүүний нэрийн өмнөөс Смарт Хабд хандаж буй хувь хүн бүрийг хэлнэ. Гишүүн өөрийн Хэрэглэгчдийг хариуцах бөгөөд тэднийг энэхүү Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөхийг хангана. Хэрэглэгч бүр 18 нас хүрсэн байна.
Энэхүү Үйлчилгээний нөхцөлд Та болон Компанийг хамтад нь “Талууд” гэв.
2. Хувийн мэдээллийн нууцлал ба ашиглалтын бодлого
2.1. Компани нь тодорхойлогдсон буюу тодорхойлох боломжтой хувь хүнд, зарим тохиолдолд мэдээллийн эзэн гэж нэрлэгддэг этгээдэд хамаарах аливаа мэдээлэл болох Хувийн мэдээллийг өөрт хамаарах хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу боловсруулна. Манай Хувийн мэдээллийн нууцлал ба ашиглалтын бодлого (“Нууцлалын бодлого” гэх) нь Та манай үйлчилгээг ашиглах үед Таны мэдээллийг цуглуулах, ашиглах, задруулахтай холбоотой бодлого, журмыг тодорхойлж, Таны нууцлалын эрх болон хууль тогтоомж Таныг хэрхэн хамгаалдаг тухай тайлбарлана.
2.2. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн “Хувийн мэдээлэл” гэх нэр томьёо нь тодорхойлогдсон буюу тодорхойлох боломжтой хувь хүнд хамаарах аливаа мэдээллийг хэлнэ; тодорхойлох боломжтой хувь хүн гэдэгт нэр, таних дугаар, байршлын мэдээлэл, цахим танигч, эсхүл тухайн хүний бие махбод, физиологи, генетик, сэтгэц, эдийн засаг, соёл, нийгмийн онцлогийг илэрхийлэх нэг буюу хэд хэдэн хүчин зүйлээр шууд буюу шууд бусаар тодорхойлж болох хүнийг ойлгоно.
2.3. Гишүүний Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлэх болон Смарт Хабаас үзүүлэх үйлчилгээг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай болохыг Та ойлгож байна. Смарт Хабыг ашигласнаар Таны Хувийн мэдээллийг ОБОРТЕЧ МОНГОЛИА ХХК болон OBORTECH POLAND sp. z o.o (хамтад нь “Обортеч Групп” гэх) цуглуулж, боловсруулж, ашиглаж болохыг Та ойлгож байна. Компани Смарт Хабд мэдээлэл хариуцагчийн хувиар зөвхөн 4.4-т заасан Бүртгэлтэй хаягийн мэдээллийг 3.1-д тодорхойлсон Хувийн мэдээллийн хуулийн 7.1.1-д заасан үндэслэлээр (мэдээллийн эзний зөвшөөрөл болон энэхүү Гэрээ) боловсруулна. OBORTECH POLAND sp. z o.o. нь Смарт Хабыг байршуулж, Хувийн мэдээллийн хуулийн 19 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан бичгээр байгуулсан гэрээний үндсэн дээр Бүртгэлтэй хаягийн мэдээллийг Компанийн нэрийн өмнөөс боловсруулна. Зөвхөн Холбогдсон аппликейшн ашигладаг хүн Смарт Хабын бүртгэлтэй хаяггүй байх бөгөөд түүний Хувийн мэдээллийг Смарт Хабд боловсруулахгүй. Компани Холбогдсон аппликейшнийг ажиллуулж байгаа тохиолдолд түүнд хадгалагдах Хувийн мэдээллийг 15 дугаар зүйл болон Хавсралт 1-ийн дагуу Гишүүний нэрийн өмнөөс боловсруулна.
2.4. Хувийн мэдээлэл нь Смарт Хабаас Танд үзүүлэх үйлчилгээтэй холбоотойгоор цаашид шаардлагагүй болсон тохиолдолд Та Смарт Хабын үйлчилгээнд хадгалагдаж буй өөрийн Хувийн мэдээллийг нэн даруй устгуулахыг биднээс шаардах эрхтэй. Түүнчлэн Та Хувийн мэдээллийн хуулийн 16 дугаар зүйлд заасан бусад эрх, тухайлбал бидэнд Таны ямар мэдээлэл хадгалагдаж байгааг мэдэх, түүний хуулбарыг авах, залруулуулах, зөвшөөрлөө буцаан авах эрхтэй бөгөөд Хүний эрхийн үндэсний комисс эсхүл шүүхэд гомдол гаргах эрхтэй. Хүсэлтийг info@obortech.io хаягаар илгээнэ.
2.5. Та Смарт Хабын үйлчилгээг ашиглах үед Таны Хувийн мэдээллийг цуглуулах, ашиглах, задруулахтай холбоотой бодлого, журмыг тодорхойлсон манай Нууцлалын бодлоготой танилцана уу. Хэрэв Та манай Нууцлалын бодлоготой санал нийлэхгүй бол Смарт Хабыг ашиглах ёсгүй.
2.6. Зөвшөөрөл авахаас өмнөх мэдэгдэл (Хувийн мэдээллийн хуулийн 8.2). (а) Зорилго, үндэслэл: Таны Смарт Хабын бүртгэлтэй хаягийг нээж ажиллуулах, Танд мэдэгдэл илгээх, Смарт Хабын аюулгүй байдлыг хангах, энэхүү Гэрээг биелүүлэх зорилгоор, Таны зөвшөөрөл болон энэхүү Гэрээг үндэслэн. (б) Мэдээлэл хариуцагч: 1 дүгээр зүйлд заасан хаягт байрлах Компани, info@obortech.io. (в) Мэдээллийн жагсаалт: 4.4-т заасан Бүртгэлтэй хаягийн мэдээлэл болон Таны хүлээн зөвшөөрөл, зөвшөөрлийн бүртгэл. (г) Хугацаа: Таны бүртгэлтэй хаяг байх хугацаанд, түүний дараа хуульд заасан, эсхүл хууль ёсны нэхэмжлэл гаргах, түүнээс хамгаалахад шаардлагатай хугацаанд. (д) Нийтэд ил болгох эсэх: Таны Бүртгэлтэй хаягийн мэдээллийг нийтэд ил болгохгүй. (е) Шилжүүлэх: Смарт Хабыг өмчилж, байршуулдаг бөгөөд мэдээллийг Компанийн нэрийн өмнөөс боловсруулдаг, Польш Улсад байрлах OBORTECH POLAND sp. z o.o.-д шилжүүлж, Европын Холбоонд хадгална; Компанийн ажилтнууд Монгол Улсаас хандаж болно; түүнчлэн Нууцлалын бодлогод нэр заасан байршуулалтын болон мэдэгдэл илгээх үйлчилгээ үзүүлэгч боловсруулах бөгөөд хуулиар шаардсан буюу зөвшөөрсөн тохиолдолд эрх бүхий байгууллага, шүүх, Компанийн мэргэжлийн зөвлөх, аудиторт задруулна. (ж) Буцаан авах: Та info@obortech.io хаягаар бичгээр мэдэгдэх, эсхүл бүртгэлтэй хаягаа хаах замаар зөвшөөрлөө хэдийд ч буцаан авч болно; зөвшөөрлөө буцаан авах нь түүнээс өмнө хийгдсэн боловсруулалтад нөлөөлөхгүй бөгөөд Бүртгэлтэй хаягийн мэдээлэлгүйгээр бүртгэлтэй хаягийг ажиллуулах боломжгүй. Та энэхүү зөвшөөрлийг Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс тусдаа байрлах зөвшөөрлийн нүдийг тэмдэглэх замаар өгнө; дуугүй байх, идэвхгүй байхыг зөвшөөрөл гэж үзэхгүй. Компани Таны зөвшөөрлийн бүртгэлийг (мэдэгдлийн хувилбар, огноо, цаг болон бүртгэлтэй хаяг) хадгална. Энэхүү мэдэгдлийн аль нэг зүйл агуулгын хувьд өөрчлөгдвөл бид Танд мэдэгдэх бөгөөд хуульд заасан тохиолдолд дахин зөвшөөрөл авна.
2.7. Хэрэглэгч бүр анх нэвтрэхдээ 2.6-д заасан зөвшөөрлийг биечлэн өгнө. Гишүүн уг зөвшөөрлийг өгөөгүй хүнд зориулж бүртгэлтэй хаяг үүсгэх, ашиглахгүй бөгөөд Хэрэглэгчдээ Нууцлалын бодлоготой танилцах боломжоор хангана.
3. Хувийн мэдээллийг хадгалах, байршуулах талаарх тусгай нөхцөл
3.1. Гишүүн нь Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн (2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж буй, цаашид “Хувийн мэдээллийн хууль” гэх) үйлчлэлд хамаарах этгээд бол өөрийн боловсруулж буй хүний хувийн мэдээллийн хувьд мэдээлэл хариуцагч байх бөгөөд Смарт Хабыг ашиглах үед ч мэдээлэл хариуцагч хэвээр байна. Смарт Хабд мэдээлэл байршуулсан нь уг байдлыг, эсхүл Гишүүний Хувийн мэдээллийн хууль болон GDPR-ын дагуу хүлээх аливаа үүргийг Компанид шилжүүлэх үндэслэл болохгүй. Энэ заалт Холбогдсон аппликейшнд, түүний дотор 15 дугаар зүйлд заасан Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшнд боловсруулж буй хүний хувийн мэдээлэлд адил хамаарна.
3.2. Гишүүн нь хүний хувийн мэдээлэл, түүнчлэн Смарт Хабд ашиглаж буй код, дугаар эсхүл нэрлэсэн тэмдэглэгээг тодорхойлж болох хувь хүнтэй холбож буй аливаа файл, хүснэгт, түлхүүрийг (цаашид “Холбоос файл” гэх) зөвхөн өөрийн байранд, өөрийн бүрэн хяналтад байгаа системд, эсхүл 15 дугаар зүйлийн дагуу Холбогдсон аппликейшний Тусдаа дэд бүтцэд хадгална. Гишүүн хүний хувийн мэдээлэл болон Холбоос файлыг Смарт Хабд байршуулахгүй.
3.3. Гишүүн хүний хувийн мэдээллээс үүдэлтэй мэдээллийг Смарт Хабд бүртгэх шаардлагатай бол уг мэдээллийг эхлээд Хувийн мэдээллийн хуулийн 4.1.13-т заасны дагуу хүнийг тодорхойлох боломжгүй болгох, эсхүл танигч бүрийг код, дугаар эсхүл нэрлэсэн тэмдэглэгээгээр солино. Ийнхүү сольсныг эргүүлэн тайлахад шаардагдах аливаа түлхүүр нь Холбоос файлд хамаарах бөгөөд түүнд 3.2-т заасан журам үйлчилнэ. Холбогдсон аппликейшн нь танигчийн оронд зөвхөн 15.1-ийн (е)-д заасан Лавлах кодыг Смарт Хабд илгээх байдлаар энэ заалтыг өөрийн бүтцээр хэрэгжүүлнэ.
3.4. Смарт Хаб нь OBORTECH POLAND sp. z o.o-ийн өмчлөлд байх бөгөөд Смарт Хабд байршуулсан мэдээлэл Польш Улсад хадгалагдах, эсхүл тэндээс хандах боломжтой байдаг. Иймд Компани нь Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хуулийн этгээд боловч Смарт Хабд хүний хувийн мэдээлэл байршуулах нь Хувийн мэдээллийн хуулийн 14 дүгээр зүйлд заасан утгаар уг мэдээллийг гадаад улс дахь хүн, хуулийн этгээд болон олон улсын байгууллагад дамжуулсанд тооцогдохыг Гишүүн хүлээн зөвшөөрч байна. Хууль, эсхүл Монгол Улсын олон улсын гэрээнд заасан, эсхүл мэдээллийн эзэн зөвшөөрөл өгсөн тохиолдлоос бусад үед Гишүүн ийнхүү дамжуулахыг хориглоно. Уг зөвшөөрлийг авах, баримтжуулах, нотлох баримтыг хадгалах үүргийг Гишүүн дангаараа хариуцна. Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшний Тусдаа дэд бүтэц Монгол Улсаас гадна байрлах, эсхүл гадаад улсын туслан боловсруулагч ашиглаж байгаа тохиолдолд түүнд хадгалах хүний хувийн мэдээлэлд энэ заалт адил хамаарах бөгөөд Хавсралт 1-ийн 7 дахь заалт үйлчилнэ. Хавсралт 1 нь Хувийн мэдээллийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан гэрээ болох бөгөөд хүний хувийн мэдээллийг Смарт Хабд байршуулахыг зөвшөөрөхгүй.
3.5. Гишүүн нь Хувийн мэдээллийн хуулийн 4.1.12-т заасан хүний эмзэг мэдээлэл, тухайлбал үндэс угсаа, шашин шүтлэг, эрүүл мэнд, удамшлын болон биометрик мэдээлэл, ял шийтгэлийн бүртгэл, бэлгийн чиг баримжааны талаарх мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөл авсан эсэхээс үл хамааран Смарт Хабд байршуулахгүй. Хувийн мэдээллийн хуулийн 9.2-т заасан үндэслэл Гишүүнд байгаа бөгөөд Хавсралт 1-ийн А хэсэгт тусгаагүй бол Холбогдсон аппликейшн эмзэг мэдээлэл боловсруулахгүй бөгөөд эмзэг мэдээллийг Смарт Хабд хэзээ ч илгээхгүй. Эмзэг мэдээллийг зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлах, эмзэг мэдээлэл боловсруулахад баримтлах технологийн аюулгүй байдлын шаардлагыг хангасан Тусдаа дэд бүтцэд боловсруулж болно.
3.6. Смарт Хабд үйл явдал эсхүл баримт бичиг илгээх үед түүнийг хамаарах нэгжийн хамт блокчейн сүлжээнд бүртгэнэ. Блокчейн сүлжээнд бүртгэгдсэн мэдээллийг тухайн нэгжийг дараа нь Смарт Хабаас устгасан ч Компани болон Гишүүний аль нь ч өөрчлөх, устгах боломжгүй. Бүртгэлд түүнийг хэн илгээж, хэн хүлээн зөвшөөрснийг зөвхөн тэдний үүрэг болон хэрэглэгчийн кодоор харуулах бөгөөд нэрээр хэзээ ч харуулахгүй; хэрэглэгчийн кодыг хувь хүнтэй холбох мэдээлэл нь блокчейн сүлжээнээс гадна хадгалагдах Бүртгэлтэй хаягийн мэдээлэл бөгөөд түүнийг залруулах, устгах боломжтой. Иймд Гишүүн аливаа үйл явдал, баримт бичиг, маягт, файл, нэгжийн нэр эсхүл нэгжийн дэлгэрэнгүй мэдээлэлд хувийн мэдээлэл, тухайлбал нэр, гарын үсэг, хүний зураг, цахим шуудангийн хаяг, утасны дугаар, гэрийн хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эрүүл мэндийн мэдээлэл оруулахгүй; бүртгэлд хэн ямар үйлдэл хийснийг харуулах шаардлагатай бол зөвхөн үүрэг, эсхүл дангаараа тухайн хүнийг тодорхойлохгүй код ашиглана (3.3). Хэрэв энэхүү заалтыг зөрчин хувийн мэдээлэл оруулсан бол мэдээллийн эзэн болон эрх бүхий байгууллагын өмнө зөвхөн Гишүүн хариуцах бөгөөд 9 дүгээр зүйл хамаарах ба Компани уг бүртгэлийг харуулахаа зогсоож болно (4.9). Энэ заалт Холбогдсон аппликейшнээс илгээсэн Смарт Хабын бүртгэлд адил хамаарна.
3.7. Компани нь Гишүүний баримт мэдээлэлд хүний хувийн мэдээлэл агуулагдсан эсэхийг шалгахгүй бөгөөд Гишүүний баримт мэдээлэл ийм мэдээллээс ангид байх талаар ямар нэгэн баталгаа гаргахгүй. Гишүүн хувийн мэдээлэл болон Холбоос файлыг хадгалж буй өөрийн системд Хувийн мэдээллийн хуулийн 20 дугаар зүйлд заасан хамгаалалтын арга хэмжээг авна. Гишүүн энэхүү 3 дугаар зүйлийг зөрчсөн нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөнд тооцогдох бөгөөд 9 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөрийн журам түүнд хамаарна.
3.8. Холбогдсон аппликейшнд боловсруулах хүний хувийн мэдээлэлд 15 дугаар зүйл болон Хавсралт 1 үйлчилнэ. 15 дугаар зүйл болон Хавсралт 1-ийн аль ч заалтыг 3.6-д зөвшөөрсөн үүрэг, кодоос бусад хүний хувийн мэдээллийг Смарт Хаб болон түүний блокчейн сүлжээнд байршуулах, бүртгэхийг зөвшөөрсөн гэж ойлгохгүй.
3.9. 3.2 болон 3.5-д заасныг үл харгалзан Гишүүний баримт мэдээлэлд хувийн мэдээлэл агуулагдсан бол Компани уг мэдээллийг зөвхөн Хувийн мэдээллийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан утгаар Гишүүний мэдээлэл боловсруулагчийн хувиар, Гишүүний тохиргооны дагуу байршуулах, харуулах зорилгоор боловсруулах бөгөөд түүнд Хавсралт 1-ийн 1–12 дахь заалт зохих өөрчлөлттэйгээр үйлчилнэ. Энэ нь цаашид хувийн мэдээлэл байршуулахыг зөвшөөрсөн гэсэн үг биш. Компани Гишүүнд мэдэгдсэний дараа, эсхүл хууль буюу мэдээллийн эзний хүсэлтээр шаардсан тохиолдолд нэн даруй блокчейн сүлжээнээс гадна байгаа ийм мэдээллийг устгах, эсхүл түүнд хандах боломжийг хааж болно.
4. Смарт Хабд бүртгүүлэх ба ашиглалтын хүрээ
4.1. Смарт Хаб болон түүний системд хандахын тулд Та нэвтрэх нэр, нууц үг үүсгэн Смарт Хабын бүртгэлтэй хаяг нээх ёстой. Нэвтрэх нэр, нууц үг үүсгэхдээ Хэрэглэгч хувийн мэдээлэл агуулсан үг, үсэг, тэмдэгт, эсхүл тэдгээрийн хослолыг ашиглаж болохгүй. Хувийн мэдээлэлд Хэрэглэгчийн хууль ёсны бүтэн нэр, регистрийн дугаар, гар утасны дугаар, оршин суугаа хаяг болон бусад хувийн мэдээлэл багтана. Хэрэглэгчийн нэвтрэх нэр, нууц үгээр дамжуулан хийгдсэн бүх үйл ажиллагааны хариуцлагыг Хэрэглэгч өөрөө бүрэн хүлээнэ. Смарт Хабыг зөвхөн Холбогдсон аппликейшнээр дамжуулан ашигладаг хүнд Смарт Хабын бүртгэлтэй хаяг шаардлагагүй бөгөөд тухайн хүн Холбогдсон аппликейшнд түүний Тусдаа дэд бүтцээр дамжуулан нэвтэрнэ.
4.2. Хэрэв Та зохицуулагч ажилтан бол, эсхүл Гишүүний нэрийн өмнөөс шийдвэр гаргах эрхтэй болохоо бичгээр баталгаажуулсан бол Та тухайн Гишүүний нэрийн өмнөөс шийдвэр гаргах бүрэн эрхтэй болохоо мэдэгдэж, баталгаажуулсанд тооцогдох бөгөөд Смарт Хаб Таны зааварчилгааг үндэслэн ажиллах эрхтэй болохыг зөвшөөрч байна.
4.3. Смарт Хаб нь Танд даалгавар үүсгэх, холбогдох мэдээлэл, текст, файл, баримт бичиг болон бусад материалыг (“Гишүүний баримт мэдээлэл” гэх) оруулах, байршуулах, мөн Гишүүний баримт мэдээллийг гуравдагч этгээдийн аливаа эрхийг зөрчихгүйгээр Смарт Хабын бусад гишүүдтэй хуваалцах боломжийг олгоно.
4.4. Та Смарт Хабыг ашиглах явцад бид бүртгэлтэй хаягийг ажиллуулахад шаардлагатай хязгаарлагдмал Хувийн мэдээлэл болох нэвтрэх нэр, Смарт Хабаас олгосон хэрэглэгчийн код, мэдэгдэл хүлээн авах цахим шуудангийн хаяг, хэрэв өгсөн бол холбоо барих утасны дугаар, техникийн хандалтын бүртгэлийг (“Бүртгэлтэй хаягийн мэдээлэл” гэх) өгөхийг Танаас хүсэж болно. Бид үүнээс өөр Хувийн мэдээлэл хүсэхгүй бөгөөд Та үүнээс өөр Хувийн мэдээллийг Смарт Хабд оруулахгүй.
4.5. Та Гишүүний баримт мэдээллийг хэн, ямар зорилгоор үзэх, түүнд хандахыг шийдэх эрхтэй. Нэгжүүд нь олон нийтэд мөрдөгдөх зориулалттай: нэгж, түүний QR хуудас болон Гишүүний Нийтэд нээлттэй гэж тэмдэглэсэн алхмыг тухайн нэгжийн холбоос эсхүл QR код бүхий хэн ч үзэх боломжтой бол Хаалттай алхмыг зөвхөн төслийн дүрмээр зөвшөөрсөн хэрэглэгчид үзнэ. Эдгээр тохиргоог Гишүүн сонгох бөгөөд нийтэд ил болгосон мэдээллээ хариуцна (6.8).
4.6. Та Смарт Хабд өөрийн оруулж, хадгалуулсан Гишүүний баримт мэдээллээс үүдэн гарах аливаа үр дагаврыг бүрэн хариуцна.
4.7. Интернэт болон Смарт Хаб, түүний үйлчилгээнээс татан авах боломжтой файлууд вирус эсхүл бусад хорлон сүйтгэх кодоос ангид байх талаар бид баталгаа гаргах боломжгүй бөгөөд ийм баталгаа гаргадаггүй болохыг Та бүрэн ойлгож байна. Вирусын эсрэг хамгаалалт, өгөгдлийн оролт, гаралтын үнэн зөв байдлыг хангах өөрийн шаардлагад нийцсэн хангалттай журам, хяналтын арга хэмжээг хэрэгжүүлэх, мөн алдагдсан аливаа өгөгдлийг сэргээх зорилгоор Смарт Хаб, түүний үйлчилгээнээс гадуурх хадгалалтын арга хэрэгслийг бүрдүүлэх нь Таны хариуцах асуудал болно.
4.8. Гишүүн дараах үйлдлийг хийхийг хориглоно:
а) Смарт Хабыг Компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх эсхүл Компанийн хэвийн үйл ажиллагааг доголдуулах байдлаар ашиглах;
б) бусад этгээдийн хувийн буюу нууц мэдээллийг тэдний тодорхой зөвшөөрөл, эрх олголтгүйгээр Смарт Хабд нийтлэх, байршуулах;
в) мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эсхүл хууль тогтоомж, дүрэм журмаар хориглосон бусад зорилгоор Смарт Хабд хандах, түүнийг ашиглах;
г) Смарт Хаб, түүний системд нийтэд нээлттэй интерфейсээс (үүнд 15.5-д заасны дагуу олгосон API түлхүүрээр ашиглах Смарт Хабын API хамаарна) өөр аргаар хандах;
д) манай нөөцөд зохисгүй хүсэлт, ачааллыг санаатайгаар үүсгэх замаар манай дэд бүтцийг саатуулах, хэт ачаалахыг оролдох (жишээлбэл, “бот” эсхүл бусад автомат систем ашиглан хүн ижил хугацаанд илгээх боломжтой хэмжээнээс давсан давтамжаар манай серверт хүсэлт илгээх); эсхүл
е) вирус илгээх, хэт ачаалах, флүүд хийх, спам илгээх, Смарт Хаб буюу түүний системд мэйл бөмбөгдөлт хийх, эсхүл Смарт Хаб, түүний системд саад учруулах, хэт ачаалал үүсгэхүйц байдлаар Гишүүний баримт мэдээллийг програмчлан үүсгэх зэргээр аливаа гишүүн, сүлжээний нэвтрэлтэд хөндлөнгөөс оролцох, түүнийг тасалдуулах.
4.9. Компани нь агуулга эсхүл ашиглалт хууль бус, эсхүл энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчиж байна гэж үзэх үндэслэлтэй, эсхүл Смарт Хабын аюулгүй байдлыг хамгаалахад шаардлагатай тохиолдолд Гишүүний баримт мэдээллийг устгах буюу түүнд хандах боломжийг хааж, Гишүүн эсхүл Хэрэглэгчийн Смарт Хабд хандах эрхийг түдгэлзүүлж болно. Компани бүх талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан хянамгай, бодитойгоор шийдвэр гаргана; агуулгыг илрүүлэх эсхүл шийдвэр гаргахдаа автоматжуулсан хэрэгсэл ашигласан бол энэ тухайгаа үндэслэлийн тайлбартаа дурдана. Хууль эсхүл эрх бүхий байгууллага хориглоогүй бол Компани тухайн арга хэмжээ хүчин төгөлдөр болохоос хоцролгүйгээр Гишүүнд мэдэгдэх бөгөөд мэдэгдэлдээ баримт нөхцөл байдал, үндэслэсэн Үйлчилгээний нөхцөлийн заалт эсхүл хууль, мөн 17.4-т заасан гомдол, 11 дүгээр зүйлд заасан маргаан шийдвэрлэлтийг оролцуулан эрхээ хамгаалах боломжийг тусгана. Блокчейн сүлжээнд аль хэдийн бүртгэгдсэн мэдээллийг устгах боломжгүй (3.6); Компани зөвхөн түүнийг харуулахаа зогсоож болно.
4.10. Аливаа этгээд Смарт Хаб дахь, түүний дотор нийтэд нээлттэй мөрдөлтийн хуудсанд байгаа, хууль бус гэж үзэж буй агуулгын талаар info@obortech.io хаягаар Компанид мэдэгдэж болно. Мэдэгдэлд тухайн агуулгыг яагаад хууль бус гэж үзэж байгааг тайлбарлаж, түүний байршлыг, тухайлбал холбоосыг заан, мэдэгдэгчийн нэр, цахим шуудангийн хаягийг бичиж, мэдэгдлийг шударга санаагаар гаргаж буйгаа баталгаажуулна. Компани мэдэгдлийг хүлээн авснаа баталгаажуулж, түүнийг цаг тухайд нь, хянамгай, бодитойгоор шийдвэрлэх бөгөөд шийдвэрийнхээ талаар мэдэгдэгчид мэдэгдэнэ. Гэмт хэрэг үйлдэгдсэн буюу үйлдэгдэж болзошгүй гэж сэжиглэх үндэслэл бүхий мэдээлэл Компанид мэдэгдсэн тохиолдолд хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдэгдэнэ.
4.11. Смарт Хабын зарим функц хиймэл оюун ухаан ашиглаж болох бөгөөд тухайлбал тохиргоо, маягт, бичвэр санал болгож болно. Ийм функц нь сонголтот бөгөөд тийнхүү тэмдэглэгдсэн байх ба түүний гаргасан үр дүн нь санал бөгөөд Гишүүн түүнд найдахаасаа өмнө шалгана; Компани түүнийг үнэн зөв, бүрэн гэж баталгаажуулахгүй. Компани хиймэл оюун ухааны үйлчилгээ үзүүлэгчид Нууцлалын бодлогод заасны дагуу зөвхөн тухайн функцэд шаардлагатай мэдээллийг илгээх бөгөөд уг мэдээллийг өөрийн загварыг сургахад ашиглахыг нөхцөлөөрөө зөвшөөрдөггүй үйлчилгээ үзүүлэгчийг ашиглана. Хэрэглэгч ийм функцэд хувийн мэдээлэл оруулахгүй.
4.12. Компани Смарт Хабын бүртгэлийг бүртгэх блокчейн сүлжээ буюу сүлжээнүүдийг сонгох бөгөөд тухайлбал зардал, хурд, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор тэдгээрийг өөрчилж болно; аль хэдийн бүртгэгдсэн бүртгэлийг Смарт Хабд тайлбарласны дагуу шалгах боломжтой байлгахын тулд боломжит арга хэмжээг авна. Гуравдагч этгээдийн ажиллуулдаг блокчейн сүлжээ нь Компанийн хяналтад байдаггүй; Компани ийм сүлжээ, эсхүл түүнийг уншихад шаардлагатай хэрэгсэл үргэлжлэн ажиллах баталгаа гаргахгүй бөгөөд түүний тасалдлыг 13 дугаар зүйлийн дагуу шийдвэрлэнэ.
4.13. Компани нь Гишүүний баримт мэдээлэл, Смарт Хабын ашиглалтад хяналт тавих, эсхүл хууль бус үйл ажиллагааг илтгэх баримт, нөхцөл байдлыг эрж хайх ерөнхий үүрэг хүлээхгүй. Компани Гишүүний администраторын бүртгэлтэй хаяг болон API түлхүүрээр дамжуулан өгсөн зааврыг Гишүүний заавар гэж үзэж болно.
5. Төлбөрийн нөхцөл
Смарт Хабыг ашигласны шимтгэл, төлбөрийг Компаниас Танд хүргүүлэх төлбөрийн нэхэмжлэл, эсхүл https://www.obortech.io вэб хуудсанд нийтэлсэн холбогдох үйлчилгээний үнийн хүснэгтээр тодорхойлно. Та Компанид төлбөрийн нэхэмжлэлийг цахим хэлбэрээр илгээх зөвшөөрлийг үүгээр олгож байна.
Өөрөөр заагаагүй бол төлбөрт нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) болон бусад татвар ороогүй бөгөөд түүнийг нэхэмжлэхэд заасан хугацаанд төлөх ба буцаан олгохгүй. Компани 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж төлбөрөө өөрчилж болох бөгөөд өөрчлөлт дараагийн төлбөрийн хугацаанаас эхлэн үйлчилнэ; Гишүүн өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө 12.3-т заасны дагуу Үйлчилгээний нөхцөлийг цуцалж болно. Сануулга өгснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэхийг төлөөгүй бол Компани төлбөр төлөгдөх хүртэл Смарт Хабд хандах эрхийг түдгэлзүүлж болно.
Багц ба кредит. Байгууллага, төсөл, хэрэглэгч үүсгэхэд багц шаардлагагүй; нэгж үүсгэх болон блокчейн сүлжээнд бүртгэгдэх бүртгэл илгээхэд төлбөртэй багц шаардлагатай бөгөөд захиалгын хуудсанд харуулсны дагуу тухайн багцад багтсан кредитийг зарцуулна. Гишүүн хэдийд ч багцаа ахиулж болох бөгөөд одоогийн төлбөртэй хугацааны үлдсэн өдрүүдийн үнийн дүнг шинэ багцын үнээс хасч тооцно. Багцыг бууруулах нь одоогийн төлбөртэй хугацаа дуусахад хүчин төгөлдөр болно. Монгол Улсад байгаа Гишүүдийн төлбөрийг Монгол төгрөгөөр (MNT) тогтоож, төлөх бөгөөд тэдэнд OBOT зэрэг крипто хөрөнгөөр төлбөр төлөх боломжгүй. Кредит нь мөнгө биш: захиалгын хуудсанд өөрөөр заагаагүй бол бэлэн мөнгөний үнэ цэнэгүй, шилжүүлэх, солилцох боломжгүй бөгөөд олгогдсон хугацаа дуусахад хүчингүй болно. Багцын агуулга ирэх төлбөрийн хугацаануудад өөрчлөгдөж болох бөгөөд энэ тохиолдолд төлбөр өөрчлөхөд хамаарах мэдэгдэл, цуцлах эрх үйлчилнэ. Компани багц шаардлагагүй функцийн ашиглалтыг 30 хоногийн өмнө мэдэгдэж хязгаарлах буюу зогсоож болно.
6. Баталгаа, хариуцлагаас татгалзах
6.1. Бид бүх гишүүдээсээ Смарт Хабд хууль ёсны, үнэн зөв, бүрэн гүйцэд гишүүний баримт мэдээлэл оруулахыг шаарддаг. Гэхдээ бид аливаа Гишүүний баримт мэдээллийн хууль ёсны болон үнэн зөв байдалд баталгаа гаргах боломжгүй.
6.2. Та болон Компанийн хоорондын харилцаанд, Таны эцсийн хэрэглэгчид Таны бүртгэлтэй хаягт хандахтай холбоотой аливаа асуудлыг Та дангаараа хариуцна.
6.3. Таны зөвшөөрөл эсхүл баталгаажуулалтын үндсэн дээр Смарт Хабын бусад гишүүд Таны Гишүүний баримт мэдээллийг бизнес хөгжүүлэлт, бүтээгдэхүүний мөшгөлт, маркетинг эсхүл бусад бизнесийн харилцааны зорилгоор ашиглах, хуваалцаж болох бөгөөд Таны эцсийн хэрэглэгчид болон бусад гишүүдийн Таны Гишүүний баримт мэдээлэлд хандахтай холбоотой хариуцлагыг Та өөрөө хүлээхийг ойлгож, зөвшөөрч байна.
6.4. Бид Смарт Хабыг тасралтгүй сайжруулахыг эрмэлздэг. Үүний тулд бид Смарт Хаб хэрхэн ашиглагдаж байгааг илүү сайн ойлгох зорилгоор аналитик арга, технологи ашигладаг. Зайлшгүй шаардлагатай бус күүки эсхүл түүнтэй төстэй технологи ашигладаг аналитикийг зөвхөн Хэрэглэгч күүкийн мэдэгдлийн цонхонд зөвшөөрөл өгсний дараа ажиллуулах бөгөөд Хэрэглэгч уг зөвшөөрлөө хэдийд ч буцаан авч болно.
6.5. Смарт Хабыг ашиглах эсэх нь бүхэлдээ Таны сонголт бөгөөд гарч болзошгүй эрсдэлийг Та өөрөө хариуцна. Смарт Хабыг ашигласан буюу түүнд хандсанаас үүдэн Таны компьютерийн системд учирсан аливаа гэмтэл, өгөгдлийн алдагдлыг Та дангаараа хариуцна.
6.6. Үйлчилгээний нөхцөлд өөрөөр заагаагүй бол Смарт Хаб нь “байгаа байдлаараа” үзүүлэгдэнэ. Үүнтэй холбогдуулан, хууль тогтоомжоор зөвшөөрөгдсөн дээд хэмжээгээр, худалдааны зориулалтад тохирох болон тодорхой зорилгод нийцэх талаарх баталгааг оролцуулан бүх төрлийн баталгааг үүгээр хассан болно. Иргэний хуулиар тодорхойлсон баталгааг Монгол Улсын Иргэний хуулиар зөвшөөрөгдөх хэмжээгээр хассан болно. Түүнчлэн бид Смарт Хабын контентын талаар ямар нэгэн баталгаа гаргахгүй. Бид дараах зүйлийг баталгаажуулахгүй: (А) Смарт Хаб нь Гишүүний шаардлагыг хангах; (Б) тасралтгүй ажиллагаатай байх, тасалдалгүй, цаг тухайд нь, аюулгүй, алдаагүй ажиллах, вирус болон бусад хортой бүрэлдэхүүн хэсгээс ангид байх; (В) Смарт Хабыг ашигласнаар гарах үр дүн үр ашигтай, үнэн зөв, найдвартай байх; (Г) Смарт Хабын чанар Гишүүний хүлээлтэд нийцэх; мөн (Д) илэрсэн аливаа алдаа, доголдлыг залруулах.
6.7. Смарт Хаб нь мэдээллийг хэн, хэзээ илгээж, хүлээн зөвшөөрснийг бүртгэх бөгөөд блокчейн сүлжээнд бүртгэгдсэн бүртгэл түүнээс хойш өөрчлөгдөөгүй эсэхийг хэн ч шалгах боломжийг олгоно. Смарт Хаб нь бүртгэлтэй хаягийн цаана байгаа хүмүүсийн хэн болохыг, тэдний оруулсан мэдээллийн үнэн зөв, бодит байдал, хууль ёсны эсэхийг шалгахгүй бөгөөд бүртгэгдсэн бүртгэл нь тухайн мэдээлэл үнэн болох, эсхүл аливаа стандартыг хангасныг гэрчлэх баримт болохгүй.
6.8. Гишүүн өөрийн нэгж, QR код, шошго болон нийтэд нээлттэй мөрдөлтийн хуудсанд ямар мэдээлэл харуулахыг шийднэ. Гишүүн уг мэдээллийн, түүний дотор хуулиар шаардсан бүтээгдэхүүний мэдээлэл болон байгаль орчин, гарал үүсэл, чанарын талаарх аливаа мэдэгдлийн үнэн зөв, хууль ёсны байдлыг хариуцах бөгөөд өөрт хамаарах хэрэглэгчийн эрх хамгаалах болон шошголгооны журмыг дагаж мөрдөнө. Компани зөвхөн уг мэдээллийг харуулах бөгөөд түүнийг шалгахгүй ба 4.9-т заасны дагуу харуулахаа зогсоож болно.
6.9. Смарт Хаб, түүний загвар, маягт, анхдагч утга, жишээ болон OBORTECH аппууд нь бүртгэл хөтлөх, хуваалцах хэрэгсэл юм. Эдгээр нь хууль зүйн, хүнсний аюулгүй байдлын, чанарын, байгаль орчны, нягтлан бодох бүртгэлийн эсхүл татварын зөвлөгөө биш бөгөөд тэдгээрийг ашигласан нь дангаараа Гишүүнийг аливаа хууль, стандарт, гэрчилгээний шаардлагыг хангасанд тооцох үндэслэл болохгүй. Гишүүн өөрийн төсөл, үйл явцыг хэрхэн тохируулахаа шийдэж, бүртгэл нь өөрт хамаарах шаардлагыг хангаж буй эсэхийг шалгана.
6.10. Смарт Хаб нь архивын үйлчилгээ биш. Хууль эсхүл гэрээгээр Гишүүн бүртгэлийг, түүний дотор энэхүү Гэрээ дуусгавар болсны дараа тодорхой хугацаанд хадгалах үүрэгтэй бол Гишүүн тэдгээрийг, эсхүл Смарт Хабаас экспортолсон хуулбарыг уг шаардлагыг хангах байдлаар өөрөө хадгална.
6.11. Смарт Хаб, түүний мэдэгдэл болон холбогдсон мэдрэгч, төхөөрөмжийн заалт нь онцгой байдлын, хүний амь нас, аюулгүй байдлыг хангах эсхүл бодит цагийн удирдлагын зориулалттай биш. Заалт, мэдэгдэл хоцрох, дутуу эсхүл буруу байж болно. Гишүүн өөрийн хяналтыг хэвээр хадгалах бөгөөд доголдол нь гэмтэл эсхүл ноцтой хохирол учруулж болзошгүй тохиолдолд зөвхөн Смарт Хабд найдахгүй.
6.12. Смарт Хаб нь байршуулалт (hosting), цахим шуудан хүргэлт, блокчейн сүлжээ, аппын дэлгүүр, төлбөрийн болон хиймэл оюун ухааны үйлчилгээ үзүүлэгч зэрэг гуравдагч этгээдийн үйлчилгээнд тулгуурладаг. Компани тэдгээрийг сольж болох бөгөөд хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулиар хүлээсэн үүргээ хэвээр хадгалахын зэрэгцээ тэдгээрийн үйлдэл, нөхцөл, ажиллагаа, өөрчлөлтийг хариуцахгүй.
6.13. Компани Гишүүний багцад зориулж захиалгын хуудсанд тодорхойлсон дэмжлэгийг ажлын цагаар цахим шуудан эсхүл Смарт Хабаар дамжуулан үзүүлнэ. Компанийн гарын үсэг зурсан, бичгээр байгуулсан тусдаа гэрээнд заагаагүй бол ажиллагааны түвшин, хариу өгөх хугацаа болон бусад үйлчилгээний түвшинг баталгаажуулахгүй. Нэвтрүүлэлт, үйл явцын зураглал, сургалт, мэдээлэл шилжүүлэлт, захиалгат хөгжүүлэлтийг зөвхөн бичгээр өгсөн тусдаа захиалгын үндсэн дээр үзүүлнэ. Компани Смарт Хабын ажиллагааг тасалдуулах засвар үйлчилгээ хийж болох бөгөөд төлөвлөсөн засвар үйлчилгээний талаар боломжтой бол урьдчилан мэдэгдэнэ.
6.14. Үнэ төлбөргүй, туршилтын буюу пилот хэлбэрээр үзүүлж буй, эсхүл бета гэж тэмдэглэсэн функцийг байгаа байдлаар нь үзүүлэх бөгөөд хэдийд ч өөрчлөх, зогсоож болно.
Бидний ашигладаг мөшгих технологи болон күүкиг оролцуулан дэлгэрэнгүй мэдээллийг манай Нууцлалын бодлогоос үзнэ үү.
7. Мэдэгдэл ба нууцлал
7.1. Смарт Хабын бусад гишүүн Смарт Хабд аливаа гишүүний баримт мэдээлэл оруулах, эсхүл санал хүсэлт, сэтгэгдэл үлдээсэн тохиолдолд Гишүүнд Смарт Хабд бүртгэлтэй гар утасны дугаар эсхүл цахим шуудангийн хаягаар шуурхай мэдэгдэж болно. Холбогдсон аппликейшний хэрэглэгч мэдэгдлийг Холбогдсон аппликейшнээс түүний Тусдаа дэд бүтцээр дамжуулан хүлээн авна.
7.2. Та Компанийн систем, үйлчилгээг ашиглаж, тэдгээртэй харилцах явцад бид Танд өөрсдийн хэрэгсэл, сайжруулсан үйлчилгээ, дэмжлэгийг үзүүлэх зорилгоор Тантай холбоотой мэдээллийг боловсруулдаг. Энэ нь Смарт Хабаар дамжуулан блокчейн сүлжээнд бүртгэгдсэн мэдээллээс бусад Таны мэдээллийг бид цуглуулж, ашиглаж, дамжуулж, хадгалж, хуваалцаж, устгадаг гэсэн үг юм. Холбогдсон аппликейшний мэдээллийг 15 дугаар зүйл болон Хавсралт 1-ийн дагуу боловсруулна.
7.3. Тал тус бүр нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 1 болон 4 дүгээр зүйлд заасныг оролцуулан, гэхдээ үүгээр хязгаарлагдахгүйгээр, аль нэг талаас (“Өгөгч тал” гэх) нөгөө талд (“Хүлээн авагч тал” гэх) задруулсан бүх код, шинэ бүтээл, ноу-хау, бизнес, техник, санхүүгийн мэдээлэл нь Өгөгч талын нууц өмч (“Нууц мэдээлэл” гэх) болохыг зөвшөөрч байна. Ингэхдээ тухайн мэдээллийг задруулах үед нууц гэж тэмдэглэсэн байх, эсхүл задруулсан мэдээллийн шинж чанар, задруулсан нөхцөл байдлаас шалтгаалан Хүлээн авагч тал уг мэдээллийг нууц буюу өмчийн шинжтэй гэдгийг үндэслэлтэйгээр мэдэх ёстой байсан байна. Смарт Хабтай холбоотой манай аливаа технологи болон гүйцэтгэлийн талаарх мэдээлэл нь ямар нэгэн тэмдэглэгээ, нэмэлт заалтгүйгээр манай Нууц мэдээлэлд хамаарна. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд Хүлээн авагч тал нь (1) Нууц мэдээллийг нууцлан хадгалж, гуравдагч этгээдэд задруулахгүй байх, мөн (2) энэхүү Нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлэх, эрхээ хэрэгжүүлэхээс бусад зорилгоор Нууц мэдээллийг ашиглахгүй байх үүрэгтэй. Хүлээн авагч тал нь Нууц мэдээллийг мэдэх хууль ёсны шаардлагатай өөрийн ажилтан, агент, гэрээлэгч, төлөөлөгч, хамаарал бүхий этгээд, мэргэжлийн зөвлөх, аудитор, даатгагч, Компанийн хувьд хөрөнгө оруулагч болон худалдан авах сонирхолтой этгээд, эсхүл Смарт Хабын бусад гишүүдэд задруулж болох ба ингэхдээ тэдгээр этгээдэд Өгөгч талын өмнө хүлээх нууцлалын үүргээс дутуугүй хамгаалалт бүхий нууцлалын үүрэг хүлээлгэсэн байна. Хүлээн авагч талын нууцлалын үүрэг нь Хүлээн авагч талын дараах байдлаар баримтжуулсан мэдээлэлд хамаарахгүй: (i) Нууц мэдээллийг хүлээн авахаас өмнө хууль ёсоор эзэмшиж байсан буюу мэдэж байсан; (ii) Хүлээн авагч талын буруугүйгээр нийтэд ил болсон буюу болох; (iii) Хүлээн авагч тал нууцлалын аливаа үүргийг зөрчихгүйгээр гуравдагч этгээдээс хууль ёсоор олж авсан; эсхүл (iv) тухайн мэдээлэлд хандах боломжгүй байсан Хүлээн авагч талын ажилтнууд бие даан боловсруулсан. Хүлээн авагч тал нь холбогдох хууль тогтоомж эсхүл шүүхийн шийдвэрээр шаардсан тохиолдолд Нууц мэдээллийг мөн задруулж болно.
7.4. Тал тус бүр нөгөө талаас өгсөн Нууц мэдээллийн нууцлалыг хадгалахын тулд боломжит арга хэмжээг, наад зах нь өөрийн ижил төрлийн нууц мэдээлэлд хандах хэмжээний анхаарал болгоомжтойгоор авах үүрэгтэй бөгөөд Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажлыг гүйцэтгүүлэхээр даалгасан этгээдээр тухайн мэдээллийн нууцлалыг хадгалуулах үүргийг хүлээнэ.
7.5. Нууцлалын үүрэг нь Үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр байх хугацаанд, түүнчлэн уг Нөхцөл цуцлагдсан буюу дуусгавар болсны дараа ч тухайн мэдээллийн нууц шинж чанар алдагдах хүртэл Талуудад хүчин төгөлдөр үйлчилнэ.
7.6. Компани нь Смарт Хаб буюу Смарт Хабын үйл ажиллагааг сурталчлах, маркетинг хийх зорилгоор бидний хамтын ажиллагааны талаарх мэдээллийг, түүний дотор хамтын ажиллагааны сэдэв, хүрээний талаарх мэдээллийг, хамтын ажиллагааны бизнесийн нөхцөлийн дэлгэрэнгүйг задруулахгүйгээр, цаг хугацаа, нутаг дэвсгэрийн хязгаарлалтгүйгээр, харилцаа холбооны хэрэгсэл, хэлбэрийн хязгаарлалтгүйгээр, тухайлбал олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээ, түүнчлэн Компанийн маркетингийн материалд нийтэд түгээж болохыг Та зөвшөөрч байна. Ингэхдээ Та Компанид өөрийн нэр, логог ашиглах зөвшөөрлийг олгож байна. Гишүүн ирээдүйд бэлтгэх материалын хувьд энэхүү зөвшөөрлөө info@obortech.io хаягаар цахим шуудан илгээж хэдийд ч буцаан авч болно.
7.7. Аюулгүй байдлын зөрчил Смарт Хаб эсхүл Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшнд Гишүүнд нөлөөлж болзошгүй байдлаар нөлөөлсөн бол Компани тухайн зөрчил, авсан арга хэмжээ болон Гишүүн, түүний Хэрэглэгчид юу хийх ёстой талаар Смарт Хаб, тухайн аппликейшн эсхүл цахим шуудангаар Гишүүнд нэн даруй мэдэгдэх бөгөөд Кибер аюулгүй байдлын тухай Монгол Улсын хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад мэдээлнэ. Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшн дахь хувийн мэдээлэлд хамаарах зөрчлийн мэдэгдэлд Хавсралт 1-ийн 8 дахь заалт үйлчилнэ.
7.8. Компани Гишүүний бүртгэлтэй хаягийг ажиллуулахад шаардлагатай үйлчилгээний мэдэгдэл, тухайлбал аюулгүй байдлын мэдэгдэл, нэхэмжлэх, энэхүү Үйлчилгээний нөхцөлийн өөрчлөлтийн тухай мэдэгдлийг илгээнэ. Компани маркетингийн мэдээллийг цахим шуудан, мессеж эсхүл түүнтэй адил хэрэгслээр зөвхөн тусад нь зөвшөөрөл өгсөн Хэрэглэгчид илгээх бөгөөд уг зөвшөөрөл нь сайн дурын бөгөөд түүнийг хэдийд ч буцаан авч болно.
7.9. Компани Смарт Хабын ажиллагааны талаарх техникийн болон ашиглалтын мэдээлэл, тухайлбал хэмжээ, гүйцэтгэл, алдаа, функцийн ашиглалтын мэдээллийг цуглуулж, ашиглаж болох бөгөөд Гишүүн, түүний Хэрэглэгч эсхүл бусад хүнийг тодорхойлохгүй, нэгтгэсэн буюу нэргүйжүүлсэн статистикийг Смарт Хабыг ажиллуулах, хамгаалах, сайжруулах, тайлагнах зорилгоор, түүний дотор энэхүү Гэрээ дуусгавар болсны дараа ч бүрдүүлж, ашиглаж болно. Ийм мэдээлэл, статистик нь Гишүүний баримт мэдээлэлд хамаарахгүй. Ашиглалтын мэдээлэлд агуулагдах Хувийн мэдээллийг Нууцлалын бодлогод заасны дагуу боловсруулна.
8. Хариуцлагын хязгаарлалт
8.1. Үйлчилгээний нөхцөлд өөрөөр заагаагүй бол бид Гишүүн буюу гуравдагч этгээдийн өмнө олох байсан ашиг, шууд бус хохирол, түүнчлэн Гэрээ байгуулах үед урьдчилан таамаглах боломжгүй байсан хохирлыг, тэдгээрийн үндэслэлээс үл хамааран хариуцахгүй бөгөөд үүнд дараах зүйл орох боловч үүгээр хязгаарлагдахгүй: (А) Смарт Хабыг ашиглах боломжгүй болсон, эсхүл өгөгдөл, нэр хүнд, орлого, ашиг алдагдсанаас үүдэлтэй хохирол; (Б) гэрээний, гэм хорын, үйлдэл буюу эс үйлдэхүйн хариуцлагыг оролцуулан хариуцлагын төрлөөс үл хамааран үүсэх хохирол; эсхүл (В) Гишүүн Смарт Хабыг ашигласнаас үүдэлтэй хохирол.
8.2. Смарт Хабыг зохисгүй, ялангуяа түүний зориулалт эсхүл Үйлчилгээний нөхцөлд нийцүүлэлгүйгээр ашигласнаас үүдэн гарсан аливаа хохирлыг бид хариуцахгүй.
8.3. Энэхүү Үйлчилгээний нөхцөлөөс үүдэлтэй буюу түүнтэй холбоотой аливаа тохиолдолд, түүний дотор Үйлчилгээний нөхцөлийг биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй, мөн гэрээний зөрчил болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй байдлыг хамтад нь бүрдүүлж буй тохиолдолд бидний хүлээх хариуцлага нь хариуцлага үүсгэсэн үйл явдлын өмнөх нэг сарын хугацаанд Гишүүнээс Смарт Хабд хандах эрхийн төлөө төлсөн нийт төлбөрийн дүнгээр хязгаарлагдана.
8.4. Энэхүү 8 дугаар зүйл Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшнд мөн хамаарна. Гэхдээ энэ зүйл нь хууль тогтоомжоор хязгаарлах боломжгүй хариуцлагыг, түүний дотор мэдээллийн эзний өмнө хүлээх хариуцлагыг хязгаарлахгүй.
8.5. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн аль ч заалт нь санаатайгаар эсхүл ноцтой хайхрамжгүй байдлаас учруулсан хохирлын хариуцлагыг, эсхүл холбогдох хуулийн дагуу хасах, хязгаарлах боломжгүй бусад аливаа хариуцлагыг хасах, хязгаарлахгүй. Энэхүү 8 дугаар зүйл нь Компанийн хамаарал бүхий этгээд, лиценз олгогч, туслан гүйцэтгэгч, түүний дотор OBORTECH POLAND sp. z o.o.-ийн ашиг сонирхолд мөн адил үйлчилнэ.
8.6. 8.5-д заасныг харгалзан Компани дараах зүйлийг хариуцахгүй: (а) Гишүүний баримт мэдээлэл эсхүл бусад Гишүүний оруулсан мэдээлэл, түүнчлэн түүнд үндэслэн Гишүүн буюу бусад этгээдийн гаргасан шийдвэр; (б) Хэрэглэгч, бусад Гишүүн эсхүл гуравдагч этгээдийн үйлдэл, түүний дотор Гишүүний бүртгэлтэй хаяг, нууц үг эсхүл API түлхүүрийг бусад этгээд ашигласан нь, хэрэв энэ нь Компани энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөнөөс шалтгаалаагүй бол; (в) 6.12-т заасан гуравдагч этгээдийн үйлчилгээ; (г) Гишүүний өөрийн хууль эсхүл гэрээгээр хүлээсэн үүрэгтэй холбоотой торгууль, алданги, бүтээгдэхүүнийг эргүүлэн татах, гэрчилгээ алдах болон бусад үр дагавар; эсхүл (д) Гишүүн мэдээллээ экспортлох эсхүл өөрийн хуулбарыг хадгалах замаар зайлсхийж болох байсан мэдээллийн алдагдал (4.7).
8.7. Гишүүн аливаа нэхэмжлэлийн үндэслэл болох баримт нөхцөл байдлыг мэдсэнээс хойш нэн даруй түүнийг үнэлэхэд шаардлагатай мэдээллийн хамт Компанид бичгээр мэдэгдэх бөгөөд хохирлоо хязгаарлах боломжит арга хэмжээг авна.
9. Нөхөн төлбөр
Гишүүн нь (i) энэхүү Үйлчилгээний нөхцөлийг зөрчсөн, (ii) бусад гишүүн, аливаа гуравдагч этгээд эсхүл Смарт Хабын хууль ёсны эрх, оюуны өмчийн эрхэд халдсан, эсхүл (iii) Смарт Хабыг ашиглахтай холбоотойгоор холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, эрх бүхий байгууллагын шийдвэрийг зөрчсөний улмаас бусад гишүүн, аливаа гуравдагч этгээд эсхүл Компанид учирсан аливаа хохирол, алдагдал, нэхэмжлэл, зардлыг хариуцна. Үүнд үндэслэлтэй хуулийн зардал болон ийм зөрчлийн улмаас Компанид ногдуулсан аливаа торгууль хамаарна. Компани гуравдагч этгээдийн нэхэмжлэлийн талаар Гишүүнд нэн даруй мэдэгдэнэ. Компани нэхэмжлэлийн эсрэг хамгаалалт хийх, түүнийг эвлэрлээр шийдвэрлэх ажиллагааг өөрөө явуулж болох бөгөөд Гишүүн хамтран ажиллаж, өөрийн зардлаар хамгаалалтад оролцож болно.
10. Санал хүсэлт
“Санал хүсэлт” гэж Таны Компанид илгээсэн, Смарт Хабын талаарх санал, сэтгэгдлийг хэлнэ. Үүнд Гишүүний баримт мэдээлэл, Гишүүд хоорондоо солилцсон сэтгэгдэл эсхүл хувийн мэдээлэл хамаарахгүй. Санал хүсэлт илгээснээр Та Компанид уг Санал хүсэлтэд хандах, түүнийг ашиглах, хуулбарлах, олшруулах, боловсруулах, өөрчлөх, нийтлэх, дамжуулах, байршуулах, нийтэд харуулах үнэ төлбөргүй, дэлхий даяар хүчинтэй, хугацаагүй лицензийг Смарт Хабыг сайжруулах, сурталчлах зорилгоор олгож байна. Компани Таны зөвшөөрөлгүйгээр Санал хүсэлтийн хамт, түүний дотор сэтгэгдэл хэлбэрээр Таны нэр эсхүл Таны байгууллагын нэрийг нийтлэхгүй.
11. Зохицуулах хууль ба маргаан шийдвэрлэлт
Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон түүнээс үүдэлтэй буюу түүнтэй холбоотой аливаа асуудлыг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зохицуулж, тайлбарлана. Гишүүн болон Компани нь энэхүү Үйлчилгээний нөхцөл хүчин төгөлдөр байх хугацаанд болон Смарт Хабыг ашиглахтай холбоотойгоор үүсэж болзошгүй аливаа маргааныг эвийн журмаар шийдвэрлэхийг бүх талаар эрмэлзэнэ. Хэрэв Талууд асуудал үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор эвийн журмаар тохиролцоонд хүрч чадаагүй тохиолдолд уг маргааныг Монголын Үндэсний Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын дэргэдэх Монголын Олон Улсын Арбитрт хандан, ажиллагаа эхэлсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Арбитрын дүрмийн дагуу эцэслэн шийдвэрлүүлнэ. Арбитрын ажиллагаа Улаанбаатар хотод, монгол хэлээр явагдана. Аль ч Тал яаралтай түр арга хэмжээ авахуулахаар харьяалах шүүхэд хандаж болно. Энэ зүйл нь мэдээллийн эзний Хүний эрхийн үндэсний комисс эсхүл шүүхэд гомдол гаргах эрхийг хөндөхгүй.
12. Гэрээ дуусгавар болох, цуцлах
12.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөл нь хүчин төгөлдөр болох өдрөөс эхлэн үйлчлэх бөгөөд захиалгын бүх хугацаа дуусгавар болох буюу цуцлагдсан өдөр дуусгавар болно. Ингэхдээ Компани Танд Смарт Хабд хандах эрх олгох эрхээ алдсан тохиолдолд бүх захиалга дуусгавар болно.
12.2. Аль нэг Тал нь нөгөө Тал (а) мэдэгдэл хүлээн авснаас хойш гуч (30) хоногийн дотор энэхүү Үйлчилгээний нөхцөлийн ноцтой зөрчлийг арилгаагүй; (б) эрх залгамжлагчгүйгээр үйл ажиллагаагаа зогсоосон тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцөлийг цуцалж болно.
12.3. Та хэдийд ч, ямар ч шалтгаанаар Смарт Хабыг ашиглахаа зогсоож, энэхүү Үйлчилгээний нөхцөлийг цуцлах эрхтэй.
12.4. Аль нэг Тал Үйлчилгээний нөхцөлийг цуцалсан тохиолдолд Гишүүний Смарт Хабыг ашиглах эрх нь цуцалсан өдрөөс эхлэн дуусгавар болно. Цуцлалт нь цуцалж буй Талын энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр эдлэх эрх, хамгаалах арга хэрэгсэлд нөлөөлөхгүй.
12.5. Энэхүү Үйлчилгээний нөхцөл дуусгавар болсон буюу цуцлагдсан тохиолдолд Та Смарт Хабыг ашиглахаа зогсоож, өөрийн эзэмшилд байгаа бидний бүх Нууц мэдээлэл болон бусад материалыг, түүний дотор Таны нэрийн өмнөөс ажиллаж буй гуравдагч этгээдийн системд байгааг оролцуулан устгах (эсхүл бидний хүсэлтээр буцаан өгөх) үүрэгтэй. Бидний хүсэлтээр Та ийнхүү устгасныг баталгаажуулна. Энэхүү Үйлчилгээний нөхцөл дуусгавар болсон буюу цуцлагдсаны дараа 12.8-д заасныг эс тооцвол Та өөрийн өгөгдөлд хандах боломжгүй болно (мөн хууль тогтоомжоор хориглоогүй бол бид Таны бүх өгөгдлийг устгаж болно), иймд Та Нөхцөл хүчинтэй байх хугацаанд Смарт Хабын функцийг ашиглан өөрийн өгөгдлийг заавал татаж авахыг анхаарна уу.
12.6. Хувийн мэдээлэл нь Смарт Хабаас Танд үзүүлэх үйлчилгээтэй холбоотойгоор цаашид шаардлагагүй болсон тохиолдолд Та Смарт Хабын үйлчилгээнд хадгалагдаж буй өөрийн Хувийн мэдээллийг нэн даруй устгуулахыг биднээс шаардах эрхтэй. Гэхдээ блокчейн сүлжээнд бүртгэгдсэн мэдээллийг устгах боломжгүй (3.6) тул Хувийн мэдээллийг тэнд бүртгэхгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг манай Нууцлалын бодлогоос үзнэ үү. Харин Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшнд хадгалагдаж буй Хувийн мэдээллийг Гишүүн холбогдох бүртгэлийг хуулиар хадгалах үүрэгтэй хугацааг харгалзан Хавсралт 1-ийн дагуу тэнд нь залруулах, устгах боломжтой.
12.7. Энэхүү Үйлчилгээний нөхцөл, эсхүл Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшний үйлчилгээ дуусгавар болсон буюу цуцлагдсан тохиолдолд Холбогдсон аппликейшний мэдээллийг Хавсралт 1-ийн 9 дэх заалтын дагуу буцаан өгөх буюу устгана. Блокчейн сүлжээнд аль хэдийн бүртгэгдсэн Смарт Хабын бүртгэл хэвээр үлдэнэ.
12.8. Мэдээлэл экспортлох. Гишүүн Үйлчилгээний нөхцөлийн хугацаанд Смарт Хабын функцийг ашиглан өөрийн мэдээллийг хэдийд ч экспортолж болно. Гэрээ цуцлагдсанаас хойш 30 хоногийн дотор бичгээр хүсэлт гаргасан бөгөөд төлөх ёстой бүх төлбөрийг төлсөн тохиолдолд Компани өөрт хадгалагдаж байгаа Гишүүний баримт мэдээллийг нэг удаа татаж авах боломжоор хангана. Компани үүнд төлбөр авахгүй. Блокчейн сүлжээнд бүртгэгдсэн мэдээлэл тэнд хэвээр үлдэнэ (3.6).
12.9. Компани 60-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, цуцлалтаас хойших хугацаанд урьдчилан төлсөн төлбөрийг буцаан олгох замаар энэхүү Үйлчилгээний нөхцөлийг цуцалж болох бөгөөд 4.9 болон 5 дугаар зүйлд заасан тохиолдолд хандах эрхийг шууд түдгэлзүүлж болно. 3, 6, 7, 8, 9, 10, 11, 17 дугаар зүйл болон 12.5–12.12 дахь заалт Гэрээ цуцлагдсаны дараа ч үйлчилсээр байна.
12.10. Мэдээллийн байршил. Смарт Хабын мэдээллийг Европын Холбоонд хадгалах бөгөөд түүнд Польш Улсаас, мөн Компанийн ажилтнууд Монгол Улсаас хандаж болно. Компани хүсэлтийн дагуу Смарт Хабыг үзүүлэхэд ашиглаж буй дэд бүтэц байрлах улсууд болон өөрийн ашиглаж буй туслан боловсруулагчдын талаар Гишүүнд мэдээлнэ.
12.11. Компани дараах тохиолдолд мэдэгдэл өгч энэхүү Үйлчилгээний нөхцөлийг шууд цуцалж болно: (а) Гишүүн 3.2, 3.5, 4.8 эсхүл 17.10-т заасныг ноцтой буюу давтан зөрчсөн, эсхүл Смарт Хабыг хууль бусаар ашигласан; (б) 5 дугаар зүйлийн дагуу хандах эрхийг түдгэлзүүлснээс хойш 30 хоногийн дотор төлбөрийг төлөөгүй; (в) Гишүүн төлбөрийн чадваргүй болсон, татан буугдах ажиллагаа эхэлсэн эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон; эсхүл (г) хууль, шүүх эсхүл эрх бүхий байгууллага шаардсан, эсхүл үргэлжлүүлэх нь Компанид хориг арга хэмжээ буюу бусад хуулийн хариуцлага хүлээлгэх эрсдэлтэй. Энэ тохиолдолд аль хэдийн төлсөн төлбөрийг буцаан олгохгүй. Гишүүн 12.8-д заасны дагуу өөрийн мэдээллийг хүсэх эрхтэй хэвээр байна.
12.12. Байгууллага 12 сарын хугацаанд төлбөртэй багцгүй, ямар нэгэн үйл ажиллагаагүй байсан бол Компани түүний администраторт 60 хоногийн өмнө мэдэгдэж, тухайн байгууллагыг хааж, мэдээллийг нь устгаж болох бөгөөд уг хугацаанд мэдээллийг экспортлох боломжтой.
13. Давагдашгүй хүчин зүйл
13.1. Доор заасан зохицуулалтыг харгалзан, аль ч Тал Давагдашгүй хүчин зүйлийг бүрдүүлэх нөхцөл байдал үүссэнээс шалтгаалан Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйд хариуцлага хүлээхгүй. Давагдашгүй хүчин зүйл гэж тухайн Талын боломжит хяналтаас гадуурх, зохих анхаарал болгоомж гарган урьдчилан сэргийлэх боломжгүй байсан гадаад үйл явдал, тухайлбал байгалийн гамшиг, дайн, эрх бүхий байгууллагын шийдвэр, тахал, их хэмжээний кибер халдлага, эсхүл тухайн Тал зохих анхаарал болгоомж гарган урьдчилан сэргийлэх боломжгүй байсан нийтийн харилцаа холбооны сүлжээ, эрчим хүчний хангамж, байршуулалтын (hosting) болон бусад гол үйлчилгээ үзүүлэгчийн доголдол, эсхүл гуравдагч этгээдийн ажиллуулдаг блокчейн сүлжээний доголдлыг хэлнэ.
13.2. Давагдашгүй хүчин зүйлийг бүрдүүлэх нөхцөл байдал үүссэн тохиолдолд, уг шалтгаанаар энэхүү Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй болсон Тал нь тухайн нөхцөл байдал өөрт нь мэдэгдэж байгаа тохиолдолд Давагдашгүй хүчин зүйл үүссэн тухай, түүний шалтгаан болон уг нөхцөл байдал дуусгавар болох таамаглаж буй хугацааг нөгөө Талд нэн даруй, ямар ч тохиолдолд ийм нөхцөл байдал үүссэнийг илрүүлснээс хойш 7 (долоо) хоногийн дотор мэдэгдэх үүрэгтэй. Смарт Хабд ерөнхийд нь нөлөөлж буй үйл явдлын хувьд Смарт Хаб дахь мэдэгдэл эсхүл Гишүүний администраторт илгээсэн цахим шуудан хангалттай байна. Хугацаа хоцорч мэдэгдсэн нь Давагдашгүй хүчин зүйлийг иш татах эрхийг хасахгүй боловч хоцорч мэдэгдсэн Тал саатлаас үүдэн учирсан хохирлыг хариуцна.
13.3. Давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй үйл явдал үүссэн ч, түүний нөлөөнд өртсөн Тал нь Давагдашгүй хүчин зүйл нь тухайн үүргийг зохих ёсоор биелүүлэхэд саад болоогүй хэмжээгээр энэхүү Үйлчилгээний нөхцөлд заасан бусад үүргээ биелүүлэх бөгөөд Давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалан биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үүргийн хувьд, Давагдашгүй хүчин зүйлийг бүрдүүлэх нөхцөл байдал арилсны дараа уг үүргээ нэн даруй биелүүлнэ.
13.4. Давагдашгүй хүчин зүйл үүссэн тохиолдолд Талууд энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хэрэгжүүлэх арга, зарчмын талаар, түүнчлэн Давагдашгүй хүчин зүйлийг бүрдүүлэх үйл явдлын үр дагаврыг арилгах арга, зарчмын талаар тохиролцохын тулд боломжит хүчин чармайлт гаргах үүрэг хүлээнэ. Өмнөх өгүүлбэрт дурдсан Талуудын тохиролцоог бичгээр эсхүл цахим шуудангаар үйлдэнэ.
14. Заалтын хүчин төгөлдөр байдал
Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн аль нэг заалтыг хүчин төгөлдөр бус буюу хэрэгжих боломжгүй гэж тогтоосон нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн бусад хэсэгт нөлөөлөхгүй бөгөөд тэдгээр нь хүчин төгөлдөр хэвээр байна.
15. Холбогдсон аппликейшн ба Тусдаа дэд бүтэц
15.1. Энэхүү Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
(а) “Холбогдсон аппликейшн” гэж Смарт Хабын бүрэлдэхүүн хэсэгт хамаарахгүй, Тусдаа дэд бүтэц дээр ажилладаг, Смарт Хабын API-аар дамжуулан Смарт Хабтай мэдээлэл солилцдог програм хангамжийг, тухайлбал 16 дугаар зүйлд заасан OBORTECH аппыг;
(б) “Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшн” гэж Компани, Компанийн хамаарал бүхий этгээд, эсхүл Компанийн татан оролцуулсан туслан боловсруулагч Гишүүнд зориулан байршуулж, ажиллуулж, эсхүл засвар үйлчилгээ хийж буй Холбогдсон аппликейшнийг;
(в) “Тусдаа дэд бүтэц” гэж Холбогдсон аппликейшний ашигладаг, Смарт Хаб болон түүний блокчейн сүлжээний системээс тусдаа, тэдгээрийн бүрэлдэхүүнд хамаарахгүй сервер, өгөгдлийн сан, файл хадгалах, нэвтрэлт, байршуулалт болон мэдэгдэл илгээх үйлчилгээг;
(г) “Холбогдсон аппликейшний мэдээлэл” гэж Холбогдсон аппликейшнд боловсруулж буй бүх мэдээллийг, түүний дотор түүний хэрэглэгчид болон бусад хувь хүний Хувийн мэдээллийг;
(д) “Смарт Хабын бүртгэл” гэж Холбогдсон аппликейшнээс Смарт Хабд, түүний дотор блокчейн сүлжээнд бүртгүүлэхээр илгээж буй үйл явдал, баримт бичиг, маягтын утга, файл эсхүл хэш утгыг;
(е) “Лавлах код” гэж хэрэглэгч болон бусад хувь хүнийг зөвхөн Холбогдсон аппликейшний дотор ялгах зориулалттай, дангаараа тухайн хүнийг тодорхойлох боломжгүй код, дугаар эсхүл үүргийн нэрийг, тухайлбал нэвтрэх код, ажлын үүргийг.
15.2. Холбогдсон аппликейшнд зориулан боловсруулж буй Хувийн мэдээллийг Лавлах кодыг хувь хүнтэй холбож буй аливаа Холбоос файлын хамт түүний Тусдаа дэд бүтцэд хадгална. Холбогдсон аппликейшн нь нэр болон бусад танигчийн оронд ашигладаг Лавлах кодоос бусад Хувийн мэдээлэл агуулаагүй Смарт Хабын бүртгэлийг л Смарт Хабд илгээнэ (3.6). Хувь хүний нэр, гарын үсэг, хүний дүрс бүхий зураг, холбоо барих мэдээлэл, эрүүл мэндийн мэдээлэл болон бусад аливаа Хувийн мэдээллийг Смарт Хабын бүртгэлд, түүний дотор түүнд хавсаргасан баримт бичигт оруулахгүй.
15.3. Компани Смарт Хаб болон Холбогдсон аппликейшнийг аль алийг нь ажиллуулж байгаа тохиолдолд Лавлах код бүхий Смарт Хабын бүртгэлийг Холбоос файлтай нэгтгэвэл хувь хүнийг тодорхойлох боломжтой хэвээр байх тул уг бүртгэлийг Хувийн мэдээллийн хуулийн 4.1.13-т заасан хүнийг тодорхойлох боломжгүй болгосон мэдээлэлд бүрэн тооцохгүй болохыг Гишүүн хүлээн зөвшөөрч байна. Иймд Компани Холбоос файлыг зөвхөн Тусдаа дэд бүтцэд, Смарт Хабын хандалтын эрхээс тусдаа хяналттайгаар хадгалах бөгөөд Гишүүний баримтжуулсан зааварчилгаагүйгээр Смарт Хабын бүртгэлийг Холбоос файлтай нэгтгэхгүй. Лавлах кодын Холбоос файл дахь бичлэгийг устгасны дараа тухайн кодыг агуулсан Смарт Хабын бүртгэлийг хувь хүнтэй холбох боломж олгох өөр аливаа мэдээллийг Компани хадгалахгүй.
15.4. Компани Гишүүнд зориулан Холбогдсон аппликейшнийг байршуулж, ажиллуулж, эсхүл засвар үйлчилгээ хийж байгаа тохиолдолд: (а) Гишүүн нь Холбогдсон аппликейшний мэдээллийн хувьд мэдээлэл хариуцагч байх бөгөөд Компани нь Хувийн мэдээллийн хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу Гишүүний нэрийн өмнөөс уг мэдээллийг Хавсралт 1-ийн дагуу боловсруулах мэдээлэл боловсруулагч байна; (б) Компани нь Холбогдсон аппликейшн болон Смарт Хабын хоорондын холболтыг зөвхөн 15.2-т нийцсэн Смарт Хабын бүртгэл илгээгдэхээр тохируулна; (в) Компани болон түүний хамаарал бүхий этгээдийн ажилтнууд Холбогдсон аппликейшний мэдээлэлд зөвхөн Холбогдсон аппликейшнийг байршуулах, дэмжлэг үзүүлэх, хамгаалах, засвар үйлчилгээ хийхэд шаардлагатай хэмжээгээр хандана; (г) Холбогдсон аппликейшний боломж, үйлчилгээний түвшин, төлбөр, хугацааг тухайн аппликейшнд хамаарах тусгай нөхцөл болон 5 дугаар зүйлд заасан үнийн хүснэгтээр тодорхойлно. Эдгээрийн аль нэг нь Хувийн мэдээллийн талаар Хавсралт 1-тэй зөрчилдвөл Хавсралт 1-ийг баримтална.
15.5. Холбогдсон аппликейшн нь Гишүүн эсхүл түүний Смарт Хабын хэрэглэгчид олгосон API түлхүүрээр дамжуулан Смарт Хабд үйлдэл хийнэ. API түлхүүр нь түүнийг олгосон хэрэглэгчийн эрхтэй адил эрхтэй байх бөгөөд холбогдох Смарт Хабын төслийн дүрэмд захирагдана. Холбогдсон аппликейшнээр дамжуулан илгээсэн, баталсан эсхүл буцаасан Смарт Хабын бүртгэлийг Гишүүн илгээсэн, баталсан эсхүл буцаасанд тооцох бөгөөд блокчейн сүлжээнд бүртгэгдсэний дараа түүнийг 3.6-д заасны дагуу өөрчлөх, устгах боломжгүй. Компани Холбогдсон аппликейшнийг ажиллуулж байгаа тохиолдолд Гишүүн Компанид API түлхүүрийг зөвхөн энэ зорилгоор ашиглах эрх олгож байна. Тал тус бүр өөрийн эзэмшилд байгаа API түлхүүрийг нууцлан хадгалах бөгөөд түлхүүр алдагдсан байж болзошгүй бол нөгөө Талд нэн даруй мэдэгдэнэ. Компани Смарт Хабыг хамгаалах зорилгоор API түлхүүрийн үйлчлэлийг түр зогсоож болно.
15.6. Гишүүн эсхүл гуравдагч этгээдийн бүтээсэн буюу ажиллуулж буй Холбогдсон аппликейшнийг Компани үзүүлэхгүй. Уг аппликейшн, түүний Тусдаа дэд бүтэц, түүний 15.2-т нийцэх байдал болон түүний ашиглаж буй API түлхүүрийг Гишүүн хариуцна. Компани ийм аппликейшнд Хувийн мэдээлэл боловсруулахгүй бөгөөд түүнийг хариуцахгүй.
15.7. Компани Холбогдсон аппликейшний мэдээллийг боловсруулж эхлэхээс өмнө Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшний Тусдаа дэд бүтэц байрлах бүс нутаг болон ашиглах туслан боловсруулагчдыг Хавсралт 1-ийн А хэсэгт тусгаснаар Гишүүнд мэдэгдэнэ. Тусдаа дэд бүтэц Монгол Улсаас гадна байрлах, эсхүл гадаад улсын туслан боловсруулагч ашиглах тохиолдолд 3.4 болон Хавсралт 1-ийн 7 дахь заалт үйлчилнэ. Гишүүний хүсэлтээр, боломжтой тохиолдолд Компани Тусдаа дэд бүтцийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байршуулж болох бөгөөд түүний нөхцөл, төлбөрийг Талууд тохиролцоно.
15.8. Холбогдсон аппликейшн тухайн зорилгоор бүтээгдээгүй, эсхүл Хавсралт 1-ийн А хэсэгт тусгаагүй бол Гишүүн хүүхдийн Хувийн мэдээллийг Холбогдсон аппликейшнд бүртгэхгүй. Ийнхүү бүртгэхэд зөвшөөрөл шаардлагатай бол Гишүүн Хувийн мэдээллийн хуулийн 8.5-д заасны дагуу хүүхдийн хууль ёсны төлөөлөгчөөс зөвшөөрөл авна.
15.9. Смарт Хаб болон Холбогдсон аппликейшн нь тусдаа үйлчилгээ болно. Холбогдсон аппликейшний тасалдал, өөрчлөлт эсхүл дуусгавар болох нь аль хэдийн бүртгэгдсэн Смарт Хабын бүртгэлд нөлөөлөхгүй бөгөөд Смарт Хабын тасалдал нь Холбогдсон аппликейшний мэдээлэлд нөлөөлөхгүй. Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшнд 6 дугаар зүйл хамаарна. Туршилтын хувилбарыг үнэлэх зорилгоор ашиглуулна.
15.10. Холбогдсон аппликейшний мэдээлэл нь 7.3-т заасан Гишүүний Нууц мэдээлэлд хамаарна.
15.11. Хүн Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшнийг анх ашиглахаас өмнө аппликейшн нь Гишүүнд хамаарах хувилбарын энэхүү Үйлчилгээний нөхцөл, тухайн аппликейшнд хамаарах тусгай нөхцөл болон Хувийн мэдээллийн хуулийн 8.2-т заасан мэдэгдлийг тухайн хүнд харуулж, түүний хүлээн зөвшөөрсөн байдал, сонголт, харуулсан хувилбар, огноог бүртгэнэ. Аль нэг нь агуулгын хувьд өөрчлөгдвөл аппликейшн дахин харуулна. Гишүүн нь өөрийн нэрийн өмнөөс зөвшөөрсөн энэхүү Үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөх үүрэгтэй хэвээр байх бөгөөд хэрэглэгчийн хүлээн зөвшөөрөл нь тухайн хэрэглэгч аппликейшнийг ашиглахдаа уг нөхцөлийг дагаж мөрдөхийг баталгаажуулна.
16. OBORTECH апп ба модуль
16.1. Компани болон түүний хамаарал бүхий этгээд тодорхой салбар эсхүл ажилд зориулж OBORTECH багийн хөгжүүлсэн бэлэн аппликейшн, модуль, загвар, интеграцийг (тус бүрийг “OBORTECH апп” гэх) санал болгож болно. OBORTECH апп нь 15 дугаар зүйлд заасан Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшн, эсхүл Смарт Хаб дотор ажилладаг модуль байж болно.
16.2. OBORTECH аппыг ашиглах эсэх нь сонголтот. Гишүүн OBORTECH аппад бүртгүүлэх, түүний багцыг сонгох эсхүл Смарт Хабд идэвхжүүлэх замаар түүнийг тусад нь ашиглаж эхэлнэ. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн нь Гишүүнд аливаа OBORTECH аппыг ашиглах үүрэг үүсгэхгүй.
16.3. OBORTECH апп нь өөрийн үйлчилгээний нөхцөл буюу хэрэглэгчийн гэрээ, нууцлалын мэдэгдэл, багц, төлбөртэй байж болох бөгөөд эдгээр нь 15.4 болон 15.11-д заасан тухайн аппликейшнд хамаарах тусгай нөхцөл (“Аппын нөхцөл” гэх) болох ба Гишүүн болон түүний хэрэглэгчид түүнийг анх ашиглахаас өмнө тэдэнд харуулж, тэд хүлээн зөвшөөрнө. Аппын нөхцөл нь тухайн OBORTECH аппын ашиглалтыг зохицуулна; энэхүү Үйлчилгээний нөхцөл нь Смарт Хабыг, түүний дотор OBORTECH аппаас Смарт Хабд илгээсэн Смарт Хабын бүртгэлийг үргэлжлүүлэн зохицуулна. Аппын нөхцөл энэхүү Үйлчилгээний нөхцөлтэй зөрчилдвөл тухайн OBORTECH аппын ажиллагаа, багц, төлбөрийн хувьд Аппын нөхцөлийг, Смарт Хаб болон түүний блокчейн сүлжээний хувьд энэхүү Үйлчилгээний нөхцөлийг баримтална. Аппын нөхцөлөөр Компанид илүү өргөн хамгаалалт олгоогүй бол энэхүү Үйлчилгээний нөхцөлийн 6, 8, 9, 11, 12, 13 дугаар зүйл OBORTECH апп бүрд үйлчлэх бөгөөд түүний Аппын нөхцөлөөс давуу хүчинтэй байна. Хувийн мэдээллийн хувьд Хавсралт 1-ийг баримтална (15.4).
16.4. OBORTECH апп нь Гишүүний нэрийн өмнөөс Хувийн мэдээлэл боловсруулж байгаа бол түүнд Хавсралт 1 үйлчлэх бөгөөд түүний Аппын нөхцөлд тусгасан боловсруулалтын тодорхойлолт нь тухайн OBORTECH аппын хувьд А хэсэг болно. 3 болон 15 дугаар зүйл OBORTECH апп бүрд үйлчилнэ: Хувийн мэдээлэл нь түүний Тусдаа дэд бүтцэд хадгалагдах бөгөөд Смарт Хабд зөвхөн Лавлах кодоос бусад Хувийн мэдээлэлгүй Смарт Хабын бүртгэл хүрнэ.
16.5. Смарт Хаб дотор ажилладаг модуль нь Гишүүн түүнийг ашиглаж байх хугацаанд Смарт Хабын бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд түүнд энэхүү Үйлчилгээний нөхцөл, түүний дотор 3 дугаар зүйл бүрэн үйлчилнэ. Түүнд Хувийн мэдээлэл оруулахгүй.
16.6. OBORTECH аппын төлбөрийг түүний Аппын нөхцөл эсхүл 5 дугаар зүйлд заасан үнийн хүснэгтээр тогтоох бөгөөд өөрөөр заагаагүй бол Смарт Хабын төлбөрөөс тусдаа байна.
16.7. Компани Аппын нөхцөлийн дагуу Гишүүнд зохих хугацааны өмнө мэдэгдэж OBORTECH аппыг өөрчлөх, түр зогсоох эсхүл бүрмөсөн зогсоож болно. OBORTECH аппыг зогсоох нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийг дуусгавар болгохгүй бөгөөд блокчейн сүлжээнд аль хэдийн бүртгэгдсэн Смарт Хабын бүртгэлд нөлөөлөхгүй. Гишүүн Аппын нөхцөл болон Хавсралт 1-ийн 9 дэх заалтад заасны дагуу OBORTECH аппаас өөрийн мэдээллийг экспортолж болно.
16.8. Гишүүн эсхүл гуравдагч этгээдийн бүтээсэн буюу ажиллуулж буй аппликейшн нь Смарт Хабтай холбогдсон байсан ч OBORTECH апп болохгүй; түүнд 15.6 үйлчилнэ.
17. Ерөнхий заалт
17.1. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулах. Компани хүндэтгэн үзэх шалтгаанаар, тухайлбал хууль, Смарт Хабын функц, аюулгүй байдал, эсхүл түүний үйлчилгээ, төлбөр өөрчлөгдсөн тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт оруулж болно. Компани өөрчлөлт оруулсан эх бичвэрийг хүчин төгөлдөр болохоос 30-аас доошгүй хоногийн өмнө Гишүүнд цахим шуудангаар илгээх эсхүл Смарт Хабд харуулна; энэ нь энэхүү Үйлчилгээний нөхцөлийн эхэнд дурдсан мэдэгдэл болно. Өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөгүй Гишүүн түүнийг хүчин төгөлдөр болохоос өмнө 12.3-т заасны дагуу Үйлчилгээний нөхцөлийг цуцалж болно. Нэвтрэхдээ шинэ эх бичвэрийг зөвшөөрөх, эсхүл уг өдрөөс хойш Смарт Хабыг үргэлжлүүлэн ашиглах нь өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно. 2.6-д заасан мэдэгдэлд нөлөөлөх өөрчлөлт нь тухайн Хэрэглэгч дахин зөвшөөрөл өгсний дараа л түүний хувьд хүчин төгөлдөр болно. Хууль эсхүл эрх бүхий байгууллага нэн даруй өөрчлөхийг шаардсан тохиолдолд илүү богино хугацаа үйлчилнэ.
17.2. Цахим хэлбэр. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийг цахим хэлбэрээр байгуулах бөгөөд Талууд үүнийг Монгол Улсын Иргэний хууль болон Цахим гарын үсгийн тухай хуулийн дагуу бичгээр байгуулсан гэрээтэй адилтгана. Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс өмнө Гишүүн хадгалж, хэвлэх боломжтой хэлбэрээр бүрэн эхээр нь харуулах бөгөөд Компани хүсэлтийн дагуу одоогийн болон өмнөх хувилбаруудыг гаргаж өгнө.
17.3. Техникийн шаардлага ба эрсдэл. Смарт Хабыг ашиглахын тулд Гишүүнд интернэтэд холбогдсон төхөөрөмж, шинэчлэгдсэн вэб хөтөч эсхүл Смарт Хабын гар утасны аппликейшн, мөн идэвхтэй цахим шуудангийн хаяг эсхүл гар утасны дугаар шаардлагатай. Цахим хэлбэрээр үйлчилгээ ашиглах нь хортой програм, фишинг, бүртгэлтэй хаягт зөвшөөрөлгүй хандах зэрэг эрсдэлтэй; Гишүүн өөрийн төхөөрөмж, нууц үг, API түлхүүрийг зохих ёсоор хамгаална. Смарт Хаб нь Нууцлалын бодлогод заасны дагуу күүки болон түүнтэй төстэй технологи ашиглана (6.4).
17.4. Гомдол. Смарт Хабын талаарх, түүний дотор 4.9-д заасны дагуу авсан арга хэмжээний талаарх гомдлыг асуудлын тайлбар болон холбогдох бүртгэлтэй хаягийн хамт info@obortech.io хаягаар илгээнэ. Компани 30 хоногийн дотор хариу өгнө; гомдлыг шийдвэрлэхэд илүү хугацаа шаардлагатай бол энэ тухай илгээгчид мэдэгдэж, нэмэлт 30 хоногийн дотор хариу өгнө.
17.5. Эрх, үүрэг шилжүүлэх. Гишүүн Компанийн урьдчилан бичгээр өгсөн зөвшөөрөлгүйгээр энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр олгосон эрх, хүлээсэн үүргээ шилжүүлж болохгүй. Компани Гишүүнд мэдэгдэж энэхүү Үйлчилгээний нөхцөлийг OBORTECH POLAND sp. z o.o, бусад хамаарал бүхий этгээд эсхүл Смарт Хабын бизнесийн эрх залгамжлагчид шилжүүлж болно.
17.6. Гэрээний бүрэн бүтэн байдал. Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Гишүүний хүлээн зөвшөөрсөн аливаа Аппын нөхцөл нь Смарт Хабын талаарх бүрэн гэрээ болно. Нууцлалын бодлого нь хувийн мэдээлэл боловсруулах талаар мэдээлэх зориулалттай бөгөөд энэхүү Гэрээний бүрэлдэхүүн хэсэг болохгүй, Компанид гэрээний үүрэг үүсгэхгүй. Талууд Смарт Хаб системийг ашиглах гэрээ эсхүл захиалгын маягтад гарын үсэг зурсан бол уг баримт бичиг зөвхөн арилжааны нөхцөлийг (төлбөр, хугацаа, тоо хэмжээ) тогтооно; бусад бүх асуудлаар болон зөрчил гарсан тохиолдолд энэхүү Үйлчилгээний нөхцөлийг, Хувийн мэдээллийн хувьд Хавсралт 1-ийг баримтална.
17.7. Хэл ба үйлчлэх хүрээ. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн монгол хэл дээрх эх бичвэр хүчин төгөлдөр байх бөгөөд Монгол Улсад үүсгэн байгуулагдсан Гишүүдэд үйлчилнэ. Орчуулга нь зөвхөн лавлах зориулалттай.
17.8. OBORTECH POLAND sp. z o.o. Гишүүний гэрээний тал нь зөвхөн Компани байна. OBORTECH POLAND sp. z o.o нь Смарт Хаб болон түүнд хамаарах оюуны өмчийн бүх эрхийг эзэмших бөгөөд энэхүү Гэрээний тал биш, түүгээр Гишүүний өмнө ямар нэгэн үүрэг хүлээхгүй; гэхдээ өөрийн эрхийг хамгаалахын тулд 1, 7, 8 дугаар зүйлийг иш татаж болно. Компани Смарт Хабыг үзүүлэхэд хамаарал бүхий этгээд болон туслан гүйцэтгэгчийг ашиглаж болно.
17.9. Мэдэгдэл. Гишүүнд хандсан мэдэгдлийг түүний бүртгэлтэй хаягт бүртгэлтэй цахим шуудангийн хаяг эсхүл гар утасны дугаарт илгээх, эсхүл Смарт Хабд харуулах бөгөөд дараагийн ажлын өдөр хүлээн авсанд тооцно. Компанид хандсан мэдэгдлийг info@obortech.io хаягаар эсхүл улсын бүртгэлд бүртгэгдсэн хаягаар нь илгээнэ.
17.10. Хориг арга хэмжээ ба хууль ёсны ашиглалт. Гишүүн нь өөрөө болон түүний Хэрэглэгчид Нэгдсэн Үндэстний Байгууллагын, Монгол Улсын хуулийн, эсхүл Компани, түүний үйлчилгээ үзүүлэгчид хамаарах хориг арга хэмжээ бүхий бусад аливаа улсын хуулийн дагуух хориг арга хэмжээнд хамрагдаагүй болохыг баталгаажуулах бөгөөд өөрт нь эсхүл Компанид хамаарах хориг арга хэмжээ, экспортын хяналтын журмыг зөрчин Смарт Хабыг ашиглахгүй. Компани энэ заалтыг зөрчсөн гэж үндэслэлтэйгээр үзвэл хандах эрхийг түдгэлзүүлэх, эсхүл 12.11-д заасны дагуу Үйлчилгээний нөхцөлийг цуцалж болно.
17.11. Эрхээс татгалзаагүй байх. Энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр олгосон эрхээ хэрэгжүүлээгүй Тал уг эрхээсээ татгалзсанд тооцогдохгүй.
17.12. Хэрэглэгчийн эрх хамгаалах хууль. 1 дүгээр зүйлд заасныг үл харгалзан Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай Монгол Улсын хууль эсхүл хэрэглэгчийн эрхийн талаарх бусад заавал мөрдөх хууль Гишүүн эсхүл Хэрэглэгчид үйлчлэх бол энэхүү Үйлчилгээний нөхцөлийн уг хуулиар зөвшөөрөгдөөгүй заалт тухайн этгээдэд хамаарахгүй бөгөөд тэрээр уг хуулиар олгосон бүх эрхээ хадгална.
17.13. Смарт Хабын хөтөлдөг бүртгэл, тухайлбал үйлдлийн бүртгэл, цагийн тэмдэг, хүлээн зөвшөөрлийн бүртгэл, блокчейн дэх бүртгэл нь эсрэгээр нотлогдоогүй бол Гишүүний бүртгэлтэй хаягаар хийгдсэн үйлдлийн нотлох баримт болно.
Хэрэв Танд тодруулах зүйл гарвал info@obortech.io цахим шуудангийн хаягаар бидэнд илгээнэ үү.
Хавсралт 1 — Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшнд хувийн мэдээлэл боловсруулах нөхцөл
Энэхүү Хавсралт нь Үйлчилгээний нөхцөлийн салшгүй хэсэг байна. Компани Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшнд Холбогдсон аппликейшний мэдээллийг боловсруулах бүх тохиолдолд энэхүү Хавсралт үйлчлэх бөгөөд энэ нь Хувийн мэдээллийн хуулийн 19 дүгээр зүйлд заасан гэрээ болно. Үйлчилгээний нөхцөлд тодорхойлсон нэр томьёог энэхүү Хавсралтад мөн утгаар хэрэглэнэ.
1. Талуудын эрх зүйн байдал
Гишүүн нь Холбогдсон аппликейшний мэдээллийн хувьд мэдээлэл хариуцагч, Компани нь мэдээлэл боловсруулагч байна. Мэдээлэл боловсруулах хууль ёсны үндэслэлийг (Хувийн мэдээллийн хуулийн 6, 7, 9 дүгээр зүйл), түүний дотор шаардлагатай тохиолдолд хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу бичгээр эсхүл цахим хэлбэрээр зөвшөөрөл авах, мэдээллийн эзэнд хуулийн 8.2 болон 21 дүгээр зүйлд заасан мэдээллийг өгөх үүргийг Гишүүн хариуцна. Компани мэдээлэл боловсруулах зорилгыг тодорхойлохгүй бөгөөд Холбогдсон аппликейшний мэдээллийг өөрийн зорилгоор ашиглахгүй. Холбогдсон аппликейшн нь Гишүүний нэрийн өмнөөс мэдэгдлийг хэрэглэгч бүрт анх нэвтрэхэд болон агуулга нь өөрчлөгдөх бүрд харуулж, түүний бүртгэлийг хадгална (15.11).
2. Боловсруулалтын тодорхойлолт
Хувийн мэдээллийн хуулийн 19.2-т заасан мэдээлэл боловсруулах зорилго, хугацаа, мэдээллийн жагсаалт болон мэдээллийн эзний эрхийг хамгаалах нөхцөлийг Холбогдсон аппликейшн тус бүрээр А хэсэгт, хамгаалалтын арга хэмжээг Б хэсэгт тус тус тусгана.
3. Зааварчилгаа
Компани Холбогдсон аппликейшний мэдээллийг Гишүүний хяналтад, зөвхөн Гишүүний баримтжуулсан зааварчилгааны дагуу, түүний дотор гадаад улсад дамжуулах талаарх зааварчилгааны дагуу боловсруулна. Үйлчилгээний нөхцөл, Гишүүний сонгосон Холбогдсон аппликейшний тохиргоо, Гишүүнээс цахим шуудангаар эсхүл бусад хэлбэрээр бичгээр өгсөн зааварчилгаа нь Гишүүний баримтжуулсан зааварчилгаа болно. Компани Хувийн мэдээллийн хуулийн 19.4.2-т заасны дагуу Гишүүний зааварчилгаагаар мэдээллийг залруулах, өөрчлөх, устгах бөгөөд аливаа зааварчилгаа хууль тогтоомжид нийцэхгүй гэж үзвэл энэ тухай Гишүүнд нэн даруй мэдэгдэнэ.
4. Нууцлал
Компани Холбогдсон аппликейшний мэдээллийг боловсруулах эрх бүхий этгээд нууцлалын үүрэг хүлээсэн, эсхүл хуулиар нууцлалын үүрэгтэй байхыг хангана.
5. Аюулгүй байдал
Компани Хувийн мэдээллийн хуулийн 20 дугаар зүйл болон цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын баталсан мэдээллийн аюулгүй байдлын шаардлагад нийцсэн, түүний дотор Б хэсэгт заасан арга хэмжээг авч, Холбогдсон аппликейшн өөрчлөгдөх бүрд эргэн хянана.
6. Туслан боловсруулагч
Хувийн мэдээллийн хуулийн 19.3-т заасны дагуу Гишүүн А хэсэгт заасан туслан боловсруулагчдыг ашиглахыг үүгээр зөвшөөрч байна. Компани туслан боловсруулагч нэмэх эсхүл солихоор төлөвлөж байгаа бол энэ тухай Гишүүнд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх бөгөөд Гишүүн тухайн хугацаанд хувийн мэдээлэл хамгаалахтай холбоотой үндэслэлтэй шалтгаанаар татгалзаж болно. Татгалзлыг шийдвэрлэх боломжгүй бол Гишүүн Холбогдсон аппликейшний үйлчилгээг торгуульгүйгээр дуусгавар болгож болно. Компани туслан боловсруулагч бүрд энэхүү Хавсралтаас дутуугүй хамгаалалт бүхий үүргийг гэрээгээр хүлээлгэх бөгөөд туслан боловсруулагчийн үүргийн биелэлтийг Гишүүний өмнө хариуцна.
7. Гадаад улсад дамжуулах
Тусдаа дэд бүтэц Монгол Улсаас гадна байрлах, эсхүл гадаад улсын туслан боловсруулагч Холбогдсон аппликейшний мэдээлэлд хандах тохиолдолд уг мэдээллийг Хувийн мэдээллийн хуулийн 14.1-д заасны дагуу зөвхөн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан, эсхүл мэдээллийн эзэн зөвшөөрөл өгсөн тохиолдолд дамжуулна. Гишүүн мэдээллийн эзэн бүрээс хуулийн 8.2–8.4-т нийцүүлэн бичгээр эсхүл цахим хэлбэрээр зөвшөөрөл авч, түүнийг нотлох баримтыг хадгална. Гишүүний нэрийн өмнөөс Холбогдсон аппликейшн анх нэвтрэх үед мэдэгдэл, зөвшөөрөл авах дэлгэцийг харуулж, зөвшөөрлийн бүртгэлийг (мэдэгдлийн хувилбар, огноо, сонголт) хадгална (15.11); гэхдээ зөвшөөрөл авах үүргийг Гишүүн хариуцна. Мэдээллийн эзэн зөвшөөрөл өгөөгүй, эсхүл зөвшөөрлөө цуцалсан бол Гишүүн түүний Хувийн мэдээллийг Монгол Улсаас гадна байрлах Тусдаа дэд бүтцэд бүртгэхгүй.
8. Туслалцаа ба зөрчлийн мэдэгдэл
Компани боловсруулалтын шинж чанарыг харгалзан: (а) мэдээллийн эзэн өөрийн мэдээлэлтэй танилцах, залруулах, устгуулах зэрэг эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэд хариу өгөхөд Холбогдсон аппликейшний функц эсхүл бусад хэлбэрээр Гишүүнд туслах бөгөөд өөрт шууд ирсэн ийм хүсэлтийг Гишүүнд нэн даруй шилжүүлэх; (б) Хувийн мэдээллийн хуулийн 19.4.3-т заасны дагуу мэдээлэл цуглуулах, боловсруулахтай холбоотой шаардлагатай мэдээллийг Гишүүнд өгөх; (в) Холбогдсон аппликейшний мэдээлэлд холбогдох зөрчил гарсныг мэдсэн даруйд уг хуулийн 22.1-д заасны дагуу Гишүүнд мэдэгдэж, тухайн үед байгаа мэдээллийг, дараа нь нэмэлт мэдээллийг гарах тусам өгөх; (г) уг хуулийн 22.2-т заасны дагуу мэдээллийн эзэнд мэдэгдэх, 22.6-д заасны дагуу Хүний эрхийн үндэсний комисст мэдээлэхэд Гишүүнд туслах үүрэгтэй. Холбогдсон аппликейшний функцээс хэтэрсэн туслалцааг, түүний хэрэгцээ нь Компани энэхүү Хавсралтыг зөрчсөнөөс үүдээгүй бол Гишүүний үндэслэлтэй зардлаар үзүүлнэ.
9. Буцаан өгөх, устгах
Холбогдсон аппликейшний үйлчилгээ дуусгавар болоход Гишүүн 30 хоногийн дотор Холбогдсон аппликейшний функцээр эсхүл хүсэлт гарган Холбогдсон аппликейшний мэдээллийг татаж авч болно. Энэ хугацаа дууссаны дараа Компани Хувийн мэдээллийн хуулийн 19.4.5-д заасны дагуу Холбогдсон аппликейшний мэдээллийг хуулбар үлдээлгүйгээр устгах бөгөөд нөөц хуулбарыг түүний ердийн мөчлөг дуусахад устгана. Хууль тогтоомжоор хадгалахыг шаардсан тохиолдолд энэ журам хамаарахгүй. Гишүүн Холбогдсон аппликейшнд хадгалагдаж буй бүртгэлийг хуулиар тодорхой хугацаанд хадгалах үүрэгтэй бол устгахаас өмнө түүнийг татаж авах, эсхүл тухайн хугацаанд хадгалуулахаар Талуудын тохиролцсон нөхцөлөөр Компанид бичгээр даалгана.
10. Мэдээлэл өгөх, хяналт шалгалт
Компани энэхүү Хавсралтыг биелүүлж буйг нотлоход шаардлагатай мэдээллийг Гишүүнд өгөх бөгөөд Гишүүн эсхүл түүний томилсон, нууцлалын үүрэг хүлээсэн аудиторын хийх шалгалт, түүний дотор газар дээрх үзлэгт оролцож, дэмжлэг үзүүлнэ. Шалгалтыг 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдсэний үндсэн дээр, Гишүүний зардлаар, 12 сарын хугацаанд нэгээс илүүгүй удаа хийнэ. Зөрчил гарсан, эсхүл эрх бүхий байгууллага шаардсан тохиолдолд энэ хязгаарлалт хамаарахгүй. Компани шалгалтын хүсэлтэд эхлээд баримт бичиг, гэрчилгээ эсхүл үндэслэлтэй асуулгын хариу өгөх замаар хариулна; эдгээр нь хангалтгүй тохиолдолд л газар дээрх үзлэгийг ажлын цагаар, бусад харилцагчийн мэдээлэл болон нууц мэдээлэлд хандахгүйгээр хийх бөгөөд аудитор нь Компанийн өрсөлдөгч байж болохгүй.
11. Бүртгэл хөтлөх
Гишүүн Хувийн мэдээллийн хуулийн 18.2.12-т заасан мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах бүртгэлийг хөтлөхөд шаардлагатай мэдээллийг Компани Холбогдсон аппликейшний мэдээллийн хувьд хөтөлж, Гишүүнд гаргаж өгнө.
12. Хариуцлага ба давуу хүчин
Энэхүү Хавсралтад Үйлчилгээний нөхцөлийн 8 дугаар зүйл 8.4-т заасны дагуу хамаарна. Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшн дэх Хувийн мэдээллийн талаар зөрчилдөөн гарвал энэхүү Хавсралтыг Үйлчилгээний нөхцөлийн бусад заалт болон тухайн аппликейшнд хамаарах тусгай нөхцөлөөс давуу хүчинтэйд тооцно.
А хэсэг — Боловсруулалтын тодорхойлолт
Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшн тус бүрийн боловсруулалтыг тухайн аппликейшнд хамаарах тусгай нөхцөлд тодорхойлж, 15.11-д заасны дагуу хэрэглэгчдэд харуулах бөгөөд уг тодорхойлолт нь тухайн аппликейшний хувьд энэ хэсгийг бүрдүүлнэ. Компани тодорхойлолтыг Хавсралтын 6 дахь заалтын дагуу мэдэгдэл хүргүүлэн шинэчилнэ. Тодорхойлолт бүрт дараах зүйлийг тусгана:
Холбогдсон аппликейшн: нэр, зорилго.
Мэдээллийн эзэд: аппликейшний хэрэглэгчид болон аппликейшнд мэдээлэл нь бүртгэгдэх бусад хувь хүн.
Мэдээллийн жагсаалт: аппликейшний боловсруулах хувийн мэдээлэл.
Эмзэг мэдээлэл: 3.5-д зөвшөөрснөөс бусад тохиолдолд боловсруулахгүй; эмзэг мэдээллийг Смарт Хабд хэзээ ч илгээхгүй.
Зорилго, шинж чанар: аппликейшн мэдээллийг ямар зорилгоор, хэрхэн боловсруулах, түүний дотор Лавлах кодоос бусад Хувийн мэдээлэлгүй Смарт Хабын бүртгэл илгээх.
Мэдээллийн эзний эрхийг хамгаалах нөхцөл: мэдээллийн эзэн эрхээ хэрхэн хэрэгжүүлэх; Смарт Хабд зөвхөн Лавлах код хүрнэ (15.2).
Хугацаа: Холбогдсон аппликейшний үйлчилгээний хугацаа, түүн дээр Гишүүний тогтоосон хадгалах хугацаа (хуулиар тогтоосон хугацаанаас багагүй), мөн Хавсралтын 9 дэх заалтад заасан хугацаа.
Байршил: Тусдаа дэд бүтэц байрлах бүс нутаг (15.7); Монгол Улсаас гадна байрлавал 3.4 болон энэхүү Хавсралтын 7 дахь заалт үйлчилнэ.
Туслан боловсруулагч: ашиглах туслан боловсруулагч, тус бүрийн гүйцэтгэх ажил (Хавсралтын 6 дахь заалт).
Б хэсэг — Хамгаалалтын арга хэмжээ
Компани эрсдэлд тохирсон техникийн болон зохион байгуулалтын арга хэмжээ авна. Энэхүү Үйлчилгээний нөхцөлийн огноогоор эдгээрт Компанийн ажиллуулдаг Холбогдсон аппликейшн бүрд хамаарах доор заасан арга хэмжээ болон тодорхой аппликейшний хувьд А хэсгийн дагуух түүний тодорхойлолтод заасан нэмэлт арга хэмжээ хамаарна. Компани хамгаалалтын ерөнхий түвшинг бууруулахгүйгээр арга хэмжээг өөрчилж болно.
- Мэдээллийг дамжуулах болон хадгалах үед шифрлэнэ.
- Гишүүн тус бүрийн мэдээллийг өгөгдлийн сангийн хандалтын дүрмээр тусгаарлах бөгөөд хэрэглэгч зөвхөн өөрт оноосон мэдээлэл, үүргийг харна.
- Хэрэглэгчийн эрх Смарт Хабын төслийн дүрэмтэй (илгээх, батлах, харах) нийцнэ.
- Хэрэглэгч бүр өөрийн хаягаар нэвтэрнэ; урилгын нэг удаагийн холбоос, код хугацаа дуусахад хүчингүй болно.
- Баталсан бүртгэлийг өөрчлөхгүй; залруулга нь шинэ бүртгэл байх бөгөөд өөрчлөлтийн бүртгэлд зөвхөн нэмж бичнэ.
- Холбоос файл болон Холбогдсон аппликейшний бүх мэдээллийг зөвхөн Тусдаа дэд бүтцэд хадгалах бөгөөд Смарт Хабын API түлхүүрийг серверт нууцаар хадгалж, хэрэглэгчийн төхөөрөмж дээрх аппликейшнд хэзээ ч оруулахгүй.
- Нөөц хуулбар хийж, түүнийг сэргээх ажиллагааг туршина; Компанийн ажилтны хандалтыг хязгаарлаж, бүртгэж, хянана.
- Мэдээлэл алдагдсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөөг Хувийн мэдээллийн хуулийн 20.1.2-т заасны дагуу баталж, хадгална.
English · Монгол
Вэбсайтын бүх боломжийг ашиглахын тулд JavaScript-ийг идэвхжүүлнэ үү.